БНСУ-ын Экспорт–Импорт банкны ерөнхий менежер Сунг Чэ Үг хүлээн авч уулзлаа

2017 оны 08 сарын 02

 “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” МОН-8 төслийн хүрээнд өнөөдөр Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Бүгд Найрамдах Солонгос Улсын Экспорт – Импорт банкны ерөнхий менежер Сунг Чэ Үгийг Төслийн барилгын талбайд хүлээн авч уулзлаа.

Уулзалтанд монгол талаас ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Төмөртогоо, ГХАХ-ийн мэргэжилтэн С.Болормаа, Сангийн Яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын Солонгосын асуудал хариуцсан зөвлөх Б.Энхмаа, “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” МОН-8 төсөл хэрэгжүүлэх нэгж Солонгос талаас Экспорт – Импорт банкны төлөөлөл болон “ҮОЭТ”-ийн барилгын ажлын гүйцэтгэгч “Боми Инженеринг энд Констракшн” ХХК, зөвлөх Жанглим консорциумын төлөөлөл тус тус оролцлоо.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатуулзалтын үед “Захиалагч ЭМЯ болон Бүгд Найрамдах Солонгос Улсын “Самсунг Си энд Ти” консорциум хооронд 2015 оны 9-р сарын 4-ний өдөр МОН-8 төслийн худалдан авалтын гэрээ байгуулсан. Өнөөдрийн байдлаар “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-ийн барилгын ажлын гүйцэтгэл 16.8 хувь, төслийн хэрэгжилт 21.9 хувьтай явж байна.

МОН-8 төслийн хүрээнд Монгол улсад анх удаа изотоп үйлдвэрлэх халуун цех, цөмийн хурдасгуур (циклотрон), цацрагийн хяналтын лаборатори, эрт оношилгооны шинэ технологи нэвтрүүлэх юм.  Түүнчлэн Үндэсний оношилгоо, эмчилгээний төвд эмнэлгийн мэдээллийн систем суурилуулахаас гадна зайн оношилгооны тусгай зориулалт бүхий машиныг бүсийн оношилгоо, эмчилгээний 5 төвд нийлүүлж алслагдсан сум, суурины иргэдэд хурдан шуурхай эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бөгөөд төслийн хэрэгжилтэд чанар, стандарт, Монгол Улсын хуулийг мөрдөж ажиллах асуудал онцгой ач холбогдолтой болохыг тэмдэглэхийг хүсч байна”  гэж хэллээ

         Уулзалтыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга удирдан явууллаа. Энэхүү уулзалтаар “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-ийн барилгын ажлын явц болон одоо хийгдэж буй ажлуудын талаар төслийн барилгын ажлын гүйцэтгэгч “Боми Инженеринг энд Констракшн” ХХК-ийн захирал Юү Ду Хёнь танилцуулсан бөгөөд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Экспорт – Импорт банкны ерөнхий менежер Сунг Чэ Үг нар Монгол Солонгос 2 улсын Эрүүл мэндийн салбарын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top