Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан эмч нарын баг бүрэлдэхүүн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлттэй өдөрлөгийг Хөвсгөл аймагт зохион байгууллаа. Хөтөлбөрийн нээлтэд Мөрөн хотын Засаг дарга Л.Ганболд, ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр, Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чагнаадорж болон ХӨСҮТ, Улсын төв Гуравдугаар эмнэлгийн удирдлагууд оролцов.
Нээлтийн үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлэхдээ “Монгол улсын Засгийн газраас баталсан “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд 2020 он гэхэд элэгний В, С вирусын шалтгаант нас баралтыг зогсоох зорилт тавьсан. Энэ хүрээнд энэ онд 40-65 настай иргэдийг В, С вирусын шинжилгээ, оношлогоонд үнэ төлбөргүй хамруулахаар болсон. 2018 онд үлдсэн бүх иргэдийг үзлэг, шинжилгээнд хамруулна. Хөтөлбөрийн нээлтийг аймаг бүрт хийж, өдөрлөг зохион байгуулснаар иргэд заавал Улаанбаатар хот руу явж зардал, чирэгдэл болохгүй орон нутагтаа бүх төрлийн үзлэг, оношлогоонд маш идэвхтэй хамрагдаж байна. хөтөлбөрийн нээлт нийслэлийн 9 дүүрэг, 11 аймагт амжилттай явагдсан бөгөөд энэ хүрээнд нийтдээ 37 мянга гаруй иргэдийг элэгний B, C вирусын эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаад байна” гэлээ.
Хүн амын суурьшил, хөл хөдөлгөөн ихтэй тус аймаг сүүлийн жилүүдэд элэгний өвчлөлөөр улсад тэргүүлэх болсон байна. Тиймээс цаашид “Элэг бүтэн” Монгол хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд төр засаг, иргэд, ААН болон салбарын бусад эмч, мэргэжилтнүүдтэйгээ хамтран ажиллана гэдгээ Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Үүрийнбаяр онцолж байлаа. Нэгдсэн эмнэлгийн өмнөх талбайд өнөөдөр болсон өдөрлөгийн үеэр 500 гаруй иргэд үзлэг, оношлогоонд хамрагдсан юм.
Мөн тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлж, ЭМЯ-наас өдөрлөгийн үеэр шарлагын иж бүрэн олон үйлдэлтэй аппаратыг Мөрөн сумын Эрүүл мэндийн төвд, хүчил төрөгчийн өтөгрүүлэгчтэй аппаратыг Хатгал сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгөхийн зэрэгцээ Яаралтай түргэн тусламжийн машиныг Хөвсгөл аймгийн зургаан сумын Эрүүл мэндийн төвд өгч, жолооч нарт түлхүүрийг нь гардуулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )