Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Эрүүл мэнд, боловсролын хяналтад иргэн таны оролцоо” сэдэвт сарын аяныг энэ сарын 25-наас 9 дүгээр сарын 25-ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулж байна. Аяны хүрээнд хэд хэдэн асуудлыг онцлон тусгахаар болжээ. Тухайлбал, үр хөндөлтийг бууруулах, хууль бус үр хөндөлттэй тэмцэх, хор хөнөөлийг сурталчлах, иргэдийг соён гэгээрүүлэх чиглэлээр ажиллах аж.
2016 оны байдлаар үр хөндөлтийн 18 316 тохиолдол бүртгэгджээ. Үр хөндөлт өмнөх оноос 148 тохиолдлоор буюу 0.8 хувиар өссөн ба 1 000 амьд төрөлт тутамд 9.6 тохиолдлоор өссөн байна. 1 000 амьд төрөлтөд ногдох үр хөндөлт Өмнөговь /301.6/, Дорноговь /416.4/, Орхон /295.0/ зэрэг аймгууд болон Улаанбаатар хотод /339.3/ байгаа нь улсын дунджаас 60.8-182.2 тохиолдлоор өндөр байна. Мөн хувийн эмнэлэгт хийгдсэн үр хөндөлт өмнөх оноос 1 166 тохиолдлоор буюу 28.3 хувиар өссөн байна. Хожуу үеийн үр хөндөлтийн түвшин 1 000 амьд төрөлтөд 7.7 байна.
Үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийг насны бүлгээр авч үзэхэд 20-иос доош насных 5.0 хувь, 20-34 насных 70.7 хувь, 35-аас дээш насны эмэгтэйчүүд 24.3 хувийг тус тус эзэлж байна. Үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн 18.0 хувь нь төрөөгүй ба анхны удаа үр хөндүүлсэн тоо өмнөх оноос 14 тохиолдлоор буюу 0.9 хувиар өссөн байна. Үр хөндөлтийн хүндрэл 41 тохиолдол бүртгэгдсэн ба нийт хүндрэлийн 29.3 хувийг умайн агшилт суларч цус алдсан, 56.1 хувийг умайн дайврын үрэвсэл, 4.9 хувийг умай цоорсон хүндрэл эзэлж байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас Монгол Улсын төрөөс баримтлаж буй хүн амаа өсгөх бодлогыг дэмжих, Эрүүл мэндийн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хууль бус үр хөндөлттэй хатуу тэмцэж, хууль тогтоомж зөрчсөн иргэн, албан тушаалтан, эрүүл мэндийн байгууллагуудтай хариуцлага тооцож ажиллахаа мэдэгдсэн юм.
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 1 )
Jiremsen bolson humuus huuhdee gargamaargui bol zovolgoo ogdog gazar gej baidag uu? Hayag baival ogooc.