“Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, гахай, тахианы мах үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам” сэдэвт салбар хуралдаан боллоо
Хүнсний аюулгүй байдлаа хангахын тулд гол нэрийн хүнсээ дотооддоо 100 хувь үйлдвэрлэе
Хүнсний аюулгүй байдлын асуудал сүүлийн үед аюулын харанга дэлдсэн, хамгийн эмзэг сэдэв болоод байгаа билээ. Хүнсний аюулгүй байдал алдагдсанаас болж урьд өмнө байгаагүй шинэ өвчин үүсэх, хорт хавдрын эрсдэл нэмэгдэх, залуужих хандлагатай болж байна. Хүний амь настай хамгийн их холбоо бүхий хүнсний аюулгүй байдал гэсэн сэдвийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анхаарал хандуулах ёстой нэн тэргүүний зорилго хэмээн үзэж хамгийн анхны томоохон ажлаа энэ чиглэлд хандуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр ирэх 9 дүгээр сарын 12-нд үндэсний чуулган зохион байгуулахаар боллоо.
Уг үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, Монголын хүнсчдийн холбоо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулах юм.
Үндэсний чуулганы өмнө салбар хуралдаанууд болох бөгөөд 8 дугаар сарын 28-ны өдөр буюу өнөөдөр “Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, гахай, тахианы мах үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам” сэдэвт салбар хуралдаан, нээлттэй хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хийв.
Салбар хуралдааныг эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Л.Эрдэнэчимэг хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдэвт үндэсний чуулганыг 9 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулах гэж байна. Үүний ач холбогдол нь бид стратегийн хамгийн чухал хүнс, хүнсний бүтээгдэхүүнээ 100 хувь Монголдоо үйлдвэрлэх гол зорилтыг тавьж байгаа юм. Энэ нь хүнсний үйлдвэрлэл эрхэлж байгаа та бүхнээс шалтгаална. Тиймээс бид гол үйлдвэрлэгчидтэйгээ гурав хоногийн турш салбар хуралдаан хийж ярилцахаар та бүхнийг урьсан юм.
Өнөөдрийн хэлэлцүүлэг “Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, гахай, тахианы мах үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам” сэдвээр болж байна. Энэ сэдвийг хамтдаа ярилцана” гэлээ. Тэрээр мөн энэ хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөгч Энх-Амгалан, Монголын Хүнсчдийн Холбооны Гүйцэтгэх захирал М.Говьсайхан нарын зэрэг албаны хүмүүс болон мах, махан бүтээгдэхүүн, өндөг, гахай, шувууны мах үйлдвэрлэгч компаниудын 70 гаруй төлөөлөл оролцож буйг танилцууллаа.
Хүнсний аюулгүй байдал нь хүн амын анхдагч хэрэгцээ, нийгмийн эрүүл мэндтэй салшгүй холбоотой асуудал юм
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд салбар хуралдааныг нээж үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч ажлаа аваад хамгийн эхэнд авч үздэг асуудал нь аюулгүй байдлын асуудал байдаг. Аюулгүй байдал дотроо хамгийн чухал нь хүнсний аюулгүй байдал гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзээд анхны хуралдааныг Иргэний танхимаас эхэлж байна.
Хүнсний аюулгүй байдал нь хүн амын анхдагч хэрэгцээ, нийгмийн эрүүл мэндтэй салшгүй холбоотой тул аливаа улс, үндэстний оршин тогтнолд чухал байр эзэлдэг. Энэ утгаараа төр, засгийн анхаарлын төвд үргэлж байдаг бөгөөд манай улс ч тодорхой хууль, дүрэм, журам гаргаж, арга хэмжээ хэрэгжүүлсээр ирсэн.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд хүнсний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсгийн нэг байхаар хуульчилсан бөгөөд энэхүү асуудлыг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий төр, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн орон тооны бус хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл Засгийн газрын дэргэд ажилладаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Монгол улсын Хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах шаардлагатай арга хэмжээний саналыг боловсруулж, шийдвэрлүүлэх зорилготой “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” үндэсний чуулганыг 9 дүгээр сарын 12-нд Төрийн ордонд зохион байгуулахаар бэлтгэж байна.
Энэхүү үндэсний чуулганы өмнө бэлтгэл 3 салбар хуралдааныг төрийн болон ТББ-ын дэмжлэгтэйгээр, хувийн хэвшлийн оролцоотойгоор зохион байгуулах бөгөөд өнөөдрийн “Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, гахай, тахианы мах үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам” салбар хуралдаан эхнийх нь болж байна. Үргэлжлээд маргааш, нөгөөдөр “Сүү, ус, ундаа, тос үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам”, “Төмс, хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам” сэдэвт салбар хуралдаанууд дараалан зохион байгуулагдана.
Энд оролцож буй эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд тулгамдаж буй асуудал, бэрхшээл, өнөөдрийн нөхцөл байдлыг бодитой үнэлж, цаашид шийдвэрлэх арга замыг шийдэн ажлын уялдаа холбоогоо сайжруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэж итгэж байна” гэлээ.
Өнөөдрийн салбар хуралдаанд ХХААХҮЯ, Монголын хүнсчдийн холбоо болон Мах Импекс ХК, Хүнскомплекс ХХК, Хатан сүйх импекс ХХК, Шимт өргөл ХХК, Трасттрейд ХХК, Монгол мах Экспо ХХК, Монгол мах Экспо ХХК, Мах маркет ХХК, Хаан хүнс Импекс ХХК, НВЦ, Монгол Эко Мах ХХК, Завхан хүнс групп ХХК, Сүхбаатар Мах маркет ХХК, Ханбулган Хүнс ХХК зэрэг мах, махан бүтээгдэхүүн, өндөг, гахай, тахианы мах үйлдвэрлэгч олон компанийн төлөөлөл 70 гаруй хүн оролцлоо.
Махаар нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргавал уул уурхайгаас ч илүү ашиг өгөх боломжтой
Уг салбар хуралдаанаар “Төрөөс махны үйлдвэрлэлийн салбарт баримталж байгаа бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Мал төхөөрөх үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал”, “Мах боловсруулах салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” зэрэг сэдвээр илтгэл сонсч, оролцогчид хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид өөрсдөдөө тулгамдаж буй гол асуудлуудыг хөндөн ярилцав. Хүнсний аюулгүй байдлын сэдвээр хийж буй анхны салбар хуралдааныг мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй хийх уулзалтаар эхлүүлсэн нь санамсаргүй зүйл биш. Монгол хүний хүнсний хэрэгцээний гол бүтээгдэхүүн нь мах байдаг. Эрүүл, аюулгүй байдлаар бэлтгэсэн махан бүтээгдэхүүнээр монголчуудаа хангах нь нэн тэргүүний зорилго боловч дараагийн том зорилго бий.
Монгол Улс 70 гаруй сая толгой малаа өнөөдрийг хүртэл бизнесийн гол салбар болгож чадаагүй байна гэдэгт оролцогчид анхаарал хандуулав.
Хэрэв махаа гулуузаар нь, малаа амьдаар нь бус, нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүн болгож экспортод гаргаж чадвал уул уурхайгаас ч илүү ашиг өгөх боломж бий гэдэгт тэд санал нэгтэй байв.
Малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулж мах боловсруулах үйлдвэрт тогтмол бэлтгэн нийлүүлдэг тогтолцоонд шилжих, олон улсын зах зээлд нэмүү өртөг шингээсэн мах махан бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдүүлэх нь гол зорилго боловч олон саад бэрхшээл учирч байгааг оролцогчид хэллээ.
Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ОХУ, БНХАУ, Вьетнам, Иран зэрэг цөөн оронд бага хэмжээгээр бүтээгдэхүүн гаргаж буй. Гэвч хил, гаалийн татвар өндөр, Тухайлбал, ОХУ руу мах гаргахад хил, гаалийн хураамж 32 хувь, маш өндөр байдгийг дурдаж байлаа. Энэ асуудлыг 9 дүгээр сарын эхээр ОХУ-д айлчлахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хойд хөршийн талд тавих байх гэж итгэж буйгаа мах үйлдвэрлэгчид илэрхийлж байсан юм.
БНХАУ руу мах гаргахад өндөр шаардлага тавьдаг, Вьетнам руу мах гаргахад нутгаар нь дамжуулан өнгөрүүлэхийн тулд БНХАУ-аас 3-аас доошгүй сарын өмнө зөвшөөрөл хүсдэг, Иран болон гаднын бусад орноос мэргэжилтэн ирүүлж ажиллуулахад визийн хүндрэл гардаг зэрэг олон бэрхшээл байдгийг оролцогчид ярьж байв.
Экспортод гаргаж буй махны дийлэнхийг адууны мах эзэлж байгаа нь битүү туурайтай, өвчинд өртөх нь бага байдагтай холбоотой.
Харин адуунаас бусад мал шүлхий, боом, цэцэг зэрэг өвчинд нэрвэгдэх нь хялбар тул гаднын орнууд эрүүл бүсээс бага хэмжээгээр авч байгаа ажээ. Малын өвчин тархах шалтгаан нь ямар мал хаана байгаа, хаашаа шилжсэнийг бүртгэдэггүй. Өнөөдөр Булганд байгаа малыг маргааш Хэнтийд туун аваачих нь хэвийн үзэгдэл тул үүнээс шалтгаалж малын өвчин тархах, тэр нь хүнсний аюулгүй байдалд нөлөөлж буйг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа. Иймээс малын шилжилт хөдөлгөөний нарийн бүртгэлтэй болох ёстой гэж үзлээ.
Махны нийлүүлэлт ихсэж багасдагтай холбоотойгоор үнэ нь хэлбэлзэж, үүнээс сэргийлэх нэрээр нөөцийн мах бэлтгэдэг. Энэ нь удаан хадгалагдаж, жин, чийглэг, чанараа алдан хэрэглэгчдийн аюулгүй хэрэгцээг хангах тал дээр асуудал үүсгэдгийг болих хэрэгтэй гэсэн санал энэ үеэр гарч байлаа. Монголчуудын махны хэрэгцээний 90 хувийг гар аргаар төхөөрсөн мах эзэлдэг. Энэ нь ариун цэвэр, аюулгүй байдлыг хангах тал дээр учир дутагдалтай тул хамгийн олон хэрэглэгч төвлөрсөн Улаанбаатар хотын зүүн, баруун талд хөргөх төхөөрөмжөөр хангасан мах махан бүтээгдэхүүний орчин үеийн төрөлжсөн худалдааны төв байгуулах асуудал яригдаж байгаа юм байна.
Сүүлийн үед дулааны аргаар мах боловсруулж буй зарим үйлдвэрт эерэг сорьц илрэх, өөрөөр хэлбэл, чанарын шаардлага хангахгүй байх тохиолдол илрэх болжээ. Иймээс мах, махан бүтээгдэхүүний аюулгүй байдалд анхаарах олон асуудал байна гэдгийг нээлттэй хэлэлцүүлгийн үеэр ярилцлаа.
Банкнаас олгож буй өндөр хүүтэй арилжааны зээлээр Олон улсын стандартын шаардлага хангасан үйлдвэрлэл эрхлэх боломжгүй. Тиймээс тогтвортой үйл ажиллагаа эрхэлж буй махны үйлдвэрүүдэд техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, үйлдвэрлэлдээ Олон улсын хүнсний аюулгүй байдлын хяналтын тогтолцоог нэвтрүүлэхэд хөнгөлөлттэй урт хугацааны зээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг дэмжлэг төрийн зүгээс байх ёстойг бас сануулж байлаа.
Импортын өндөг аюул тарихад бэлэн
Өндөг, шувуу, гахайн мах үйлдвэрлэгчид гахай, тахианы тэжээлийг гаднаас авахад гаалийн татвар өндөр, импортын бүтээгдэхүүний үнэ хямд тул хэрэглэгчид дотоодын бүтээгдэхүүнээс илүү гаднаас оруулж ирж буй өндөг, махыг илүүтэй авч хэрэглэдгийг дурдацгаалаа.
Гэвч импортын өндөг, гахай, шувууны мах аюул тарихад бэлэн гэдгийг тэд анхааруулсан юм. ОХУ, БНХАУ, Европын орнууд гахай, шувуугаа химийн ихээхэн найрлагатай тэжээлээр тэжээдэг, Монголд орж ирэх замдаа бүтээгдэхүүний хугацаа хэтэрдэг, баруун Европын орнуудад ариутгалын бодисоос үүдэлтэй өндөгний бохирдол гарч аюулын харанга дэлдээд буйг тэд анхаарууллаа.
Тиймээс эрүүл, аюулгүй орчинд дотооддоо гахай, тахиа үржүүлж, өндөг, махыг дотоодоосоо бүрэн хангаж байхыг өндөг, гахай, шувууны мах үйлдвэрлэгчид хэлж байв.
Тэд мөн Худалдааны хууль нэн даруй батлах шаардлагатай хэмээн үзэж байсан юм. Ийм хуульгүйгээр хил, гаалийн тариф, экспорт ярихад хүндрэлтэй гэсэн санал гарч байлаа.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Л.Эрдэнэчимэг олон тооны санал дэвшүүлсэнд хэлэлцүүлэгт оролцогчдод талархал илэрхийлээд, бусад саналуудыг олон нийтийн сүлжээгээр хүлээн авна гэдгээ илэрхийллээ.
Салбар хуралдаанууд дахин хоёр өдөр үргэлжлэх бөгөөд 8 дугаар сарын 29-ний өдөр “Сүү, ус, ундаа, тос үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам”, 8 дугаар сарын 30-нд “Төмс, хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам” сэдэвт салбар хуралдааныг тус тус хийхээр болоод байна.
Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү
Сэтгэгдэл ( 0 )