Сэрүүний улирал эхлэх дөхсөн энэ цаг үетэй зэрэгцэн вирус, нянгийн халдвараар үүсэх өвчлөл газар авдаг. Хэрвээ дархлааны системийн хэвийн ажиллах горимыг алдагдуулан, нөхөн сэлбэх арга хэмжээ аваагүй тохиолдолд бидний бие өвчилж энэ нь цааш даамжирсаар хавдрын эсийг төлжүүлэх сөрөг үр дагаврыг бий болгодог ажээ. Ер нь өвчнийг эдгээхээс урьдчилан сэргийлэх нь хялбар, бас санхүүгийн хувьд дарамт багатай байдаг шүү дээ. Тиймээс бие организмаа өвөлд хэрхэн бэлдэж, дархлаагаа сайжруулах талаар эмч мэргэжилтнүүдийн зөвлөдөг "энгийн зөвлөгөөг" хүргэе.
АЖИЛ АМРАЛТ: Хүний биемахбодыг сулруулдаг зүйл бол стресс, ядаргаа. Тэгэхээр юун түрүүнд сайн унтаж амрахын зэрэгцээ амралтын нэг өдрийг утас, компьютераасаа салж, намрын налгар өдрүүд дуусахаас өмнө явган алхалт хийн стресс, ядаргаагаа тайлвал тун ч сайн эм болдог гэнэ шүү. Дэлгүүр хэсэх ч юмуу ер нь ажлын улмаас амжихгүй байсан зүйлүүдээ хийх нь өөрийгөө хамгаалах эрч хүчээр сэлгээд л явчихдаг байна.
ХООЛ ХҮНС: Намар бол дархлаагаа дэмжихэд маш таатай улирал гэнэ. Учир нь дэлгүүр болгонд зарагдаж буй шинэ ургацын жимс, жимсгэнэ, хүнсний ногоонууд дархлаанд гойд сайн ажээ. Гэхдээ С, D, E, В витаминаар баялаг байвал илүү үр дүнтэй юм байна. Чацаргана, аньс, нэрс зэрэг жимс олдоц гайгүй байгаа дээр авч идэхээс гадна хөлдөөх, чанамал хийх зэрэг аргаар өвлийн улиралд хэрэглэх нөөцөө бэлдээд авахад илүүдэхгүй. Байгалийн гаралтай эдгээр жимс нь саахар багатайгаас гадна антиоксидант маш ихээр агуулдаг юм.
Намар бол стресс ядаргаагаа тайлахад ч, хоол ундаа зохицуулахад ч хамгийн тохиромжтой улирал. Тиймээс ажил амралт, хоол ундаа зохицуулчихвал дархлааг "давраахгүй" байх боломжтой ажээ.
А.Уян
Эх сурвалж:Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )