Сэрүүний улирал ирж буй энэ цаг үед хүмүүсийн дархлаа сулардаг гэсэн судалгаа буй. Хүүхдүүд ханиад томуу хүрэх нь элбэгшиж, томчууд ядарч сульдах тохиолдол ихэсдэг байна. Тэгвэл хүний биеийн дархлааг гойд сайжруулдаг өргөн хэрэглээний арван хүнсийг сонгон хэрэглэхийг "Zindaa.mn" сайтын уншигчиддаа зөвлөж байна.
Сармис
Одоогоос 7000 жилийн тэртээгээс хүн төрөлхтөн сармисыг өдөр тутмын хоол хүнсний ба эмчилгээний зориулалтаар хэрэглэсээр ирсэн түүхтэй. Сармис нь хүний биед хэрэгцээт амин дэмээр баялаг бөгөөд зүрхний элдэв эмгэг болон ходоод гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэх тэргүүтэй онцгой ач тустай хүнсний ургамал билээ. Өдөр бүр хамгийн багадаа ядаж нэг хумс сармисыг тогтмол хэрэглээд байхад таны биеийн өвчин эсэргүүцэх буюу бактерийн эсрэг дархлаа тогтож, биеэс хортой бодисыг гадагшлуулах шилмэл үйлчилгээг үзүүлдэг байна.
Цай
Цайны олон төрөл, тэр дундаа ногоон цай нь бодисын солилцоог сайжруулж, ходоод гэдсийг цэвэрлэхэд нэн тустай гэлцдэг. Дэлхий дээр цайны зургаан төрөл байх ба үүнээс та бидний өдөр тутам хэрэглэдэг байхуу цайг хар буюу улаан цайны төрөлд авч үзэхийн сацуу ногоон цайны нэгэн адил биеийн эд эсийг гэмтээгч чөлөөт радикалуудыг устгаж, биеийн өвчин эсэргүүцэх дархлалын тогтолцоог дэмжиж өгдөг байна.
Тараг
Тарагны төрөл нь хүний биед хэрэгтэй цөөнгүй тооны бактери агуулж байдаг бөгөөд эдгээр нь хүний биед элдэв өвчин үүсгэх хэрэггүй нянг устгах онцгой нөлөөтэй юм. Түүнчлэн цусан дахь цагаан эсийн тоог нэмэгдүүлж биеийн дархлааг сайжруулдаг ажээ.
Амтат чинжүү
Мексик болон Америкт ургуулж эхэлсэн амтат чинжүү нь амин дэмийн баялаг бүтээгдэхүүн юм. Дэлхий дээр Мексик, Хятад улсууд нь амтат чинжүү тариалалт, нийлүүлэлтээрээ тэргүүлдэг бөгөөд улаан, ногоон, улбар шар өнгийн амтат чинжүүнүүд амин дэм “С”-гээр нэн баялаг ажээ. Томхон хэмжээтэй нэг амтат чинжүүнд 209 мг “С” амин дэм агуулагдах ба энэ нь дундаж хэмжээтэй нимбэгэнд байх “С” амин дэмийн агууламжаас даруй 3 дахин их гэсэн үг юм.
Тахианы шөл (+ Үхэр болон Загасны мах)
Илчлэг багатай атлаа санаанд багтамгүй шидтэй гэх энэхүү хоолыг эртнээс ханиад томууг анагаахад ардын уламжлалт эмчилгээний арга болгон хэрэглэсээр иржээ. Шинэхэн чанасан тахианы шөлийг халуун дээр нь уухад шархирч байсан хамрын өвчин, гоожиж байсан шингэн нус татраад ирэхийг нэгэн судалгаанд онцолжээ. Ялангуяа тахианы шөлөнд халуун ногоо, сармис сонгино нэмж зооглох нь шөлний анагаах шидийг үлэмж нэмэгдүүлдэг байна. Мөн тахианы махаа ястай нь чанах нь шөлөн дэх кальцийн агууламжийг нэмж өгдөг ажээ.
Лууван
Амьсгалын замын болон ходоод гэдэсний өвчнөөс сэргийлж дархлаагаа сайжруулахад “бета каротин”-аар баялаг лууванг байнга хэрэглэхийг зөвлөж байна. Энэ нь хүний биеийн салстын эрүүл ахуйг хангахад чухал нөлөөтэй бодис бөгөөд эд эсийг хөнөөгч элдэв нянг цусанд орж, эмгэг үүсгэхээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй ажээ. Түүнчлэн лууван нь хүний нүдний харааг тэтгэх амин дэмийн онцгой үүсвэр билээ.
Мөөг
Байгалийн хосгүй бүтээл болох “мөөг”-ийг хэдэн зууны туршид дэлхий дахин ахуйн болон анагаах зориулалтын аль алинаар нь түлхүү хэрэглэсээр иржээ. Мөөгөнд агуулагдах “cytokine”, “polysaccharide” зэрэг бодисууд нь дархлааг дэмжиж, аливаа өвчнийг эсэргүүцэх чадварыг тэтгэгчид тул хүнсэндээ тогтмол хэрэглэх нь зүйтэй ажээ.
Тарвас
Өмнөд Африкаас гаралтай гэж үздэг шийгуаг жимс жимсгэний болон хүнсний ногооны аль аль төрлөөр хүнсэндээ хэрэглэдэг. Өдгөө дэлхий дээр 1200 гаруй төрлийн шийгуа байдаг гэж үздэг бөгөөд энэхүү жимс нь маш олон төрлийн амин дэмийн эх булаг болдог. Гүйцэд боловсорсон шийгуа нь анти-оксидант болон глутатионыг үлэмж агуулдаг ба энэ нь биеийг цэвэршүүлж, арьсыг чийглэг болгоод зогсохгүй дархлааг сайжруулах гол үндэс ажээ.
Байцаа (+ Бууцай + Брокколи)
Навчит ногоон ургамлын төрөл болох байцаа нь дархлаа сайжруулахад хэрэгцээт “глутамин”-ыг ихээр агуулж байдаг бөгөөд өвөл цагт түлхүү хэрэглэх нь хамгийн тохиромжтой байдаг гэнэ. Ягаан_ цагаан, ногоон аль ч төрлийн байцааг хүнсэндээ сонгон хэрэглэх нь тухайн хоолны тэжээллэг чанарыг нэмэгдүүлээд үл барам ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжих онцгой ач холбогдолтой юм.
Арвай ба Овъёос
Эдгээр амуу тариа нь амин дэмээр нэн баялаг эртнээс наашхи хүнсний сонгодог хэрэглээ юм. Норвегийн эрдэмтдийн үзэж байгаагаар эдгээр бүтээгдэхүүнд агуулагдах дархлал сэргээх бодисын хэмжээ нь дархлаа сэргээх бэлдмэлд хэрэглэдэг “эхинаци”-ийн ургамлаас хэд дахин илүү байгааг нотолжээ. Амьтан болон хүний аль алинд нь явуулсан туршилтын дүнд хүний биеийн дархлааг дэмжээд зогсохгүй аливаа өвчин, шархны эдгэрэлтийг түргэсгэх, антибиотикийн үйлчилгээг сайжруулах нөлөөтэй нь батлагдсан юм байна.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )