Нийслэлийн эрүүл мэндийн газраас Нийслэлийн боловсролын газартай хамтран төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн эмч нарт зориулсан “Амны хөндийн эрүүл мэнд-Шүдэнд ээлтэй хоол хүнс” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.
Сүүлийн жилүүдэд манай орны, ялангуяа Улаанбаатар хотын сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчин ба эрчмийн үзүүлэлт (нэг хүүхдийн аманд байх цоорсон, ломбодсон, авагдсан шүдний нийлбэр тоо) Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан шалгуураар “Маш өндөр” гэсэн ангилалд хүртлээ өсчээ.
Тиймээс бага насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт, мөн улирлын чанартай амьсгалын замын халдварт өвчний гаралт ихсэж байгаатай холбогдуулан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн эмч нарыг энэхүү сургалтаар дамжуулан мэргэжил арга зүйгээр хангах, чадваржуулахаар зорьсон байна.
Багшийн хөгжлийн ордонд энэ сарын 28-29-нд болох тус сургалтыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулиас хамтран зохион байгуулж буй юм. Сургалтын хөтөлбөрт хүүхдийн сүүн болон байнгын шүдний онцлог, шүдэнд ээлтэй болон ээлгүй хоол хүнс, шүд цоорох өвчин, урьдчилан сэргийлэх арга зам, амны хөндий арчлах хэрэглэгдэхүүнээс гадна цэцэрлэг, сургуулийн эмч нартай хэрхэн хамтарч ажиллах, Зоонозын халдварт өвчин болон Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замууд зэрэг чухал хрэгцээтэй мэдээлэл, зөвлөмжүүд багтжээ.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )