Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар өнөөдөр Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллалаа. Тус ажлын хэсэгт нийслэлийн удирдлагуудаас гадна НЗДТГ-ын хэлтсийн дарга нар болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгээс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, алслагдсан хорооны гэр хорооллын иргэдэд Өрхийн эрүүл мэндийн төвийн болон зарим нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг ойртуулах үүднээс энэ онд нийслэлийн дөрвөн дүүрэгт хавдрын өдрийн хими эмчилгээ, зургаан дүүрэгт гемодиализын тусламж, үйлчилгээг хүргэж эхэлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд Мэс засал, гэмтлийн тасгийг шинээр нээж, үйл ажиллагааг нь албан ёсоор эхлүүллээ. Тухайн эмнэлгүүдийн нөөц бололцоонд тулгуурлан барилгын засвар үйлчилгээг хийж, мэс заслын өрөө тасалгаа болон орчин нөхцөл, хүний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч ажилласан бөгөөд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас мэс заслын шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийн хангалтанд зориулж 2 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Ийнхүү ерөнхий болон мэс засал, гэмтлийн эмчилгээг гурван дүүрэгт хийх боломжтой болж байгаа төдийгүй цаашид бусад дүүрэгт мэс засал, гэмтлийн тасгийг шат дараатай нээж ажиллуулахаар төлөвлөжээ. Ингэснээр иргэд тухайн оршин сууж буй дүүргийнхээ эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, чанар хүртээмжтэй авахаас гадна улсын хэмжээний томоохон эмнэлгүүдийг зорих ачаалал ч тэр хэрээр багасах чухал ач холбогдолтой юм.
Мөн энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр-4” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцлаа. Хүн амынхаа тоогоор нийслэлд тэргүүлдэг, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хувьд ачаалал ихтэй тус дүүрэгт 150 мянган хүн амд үйлчлэх хүчин чадал бүхий 200 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлээд байна.
Түүнчлэн ажлын хэсэг Баянзүрх дүүрэгт шинээр баригдаж буй 100 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын явцтай танилцсан юм. Энэ онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж буй хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагааны чиглэл болон зарим асуудлын талаар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд мэдээлэл өглөө.
Дашрамд дуулгахад, Нийслэлийн эрүүл мэндийн газраас 2017 онд Азийн хөгжлийн банктай хамтарсан төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв зэрэг алслагдсан гэр хороололд өрхийн эрүүл мэндийн загвар 10 төв болон хоёр нэгдсэн эмнэлгийг барихаар шийдвэрлэсэн байна. Мөн Туркийн засгийн газрын дэмжлэгтэйгээр Өрхийн эрүүл мэндийн 10 төвийг барих талаар хэлэлцэж, гурван газарт барилгын шав тавьжээ.
Сэтгэгдэл ( 0 )