Дархан-Уул аймагт сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэг шинжилгээ эхэллээ

2017 оны 10 сарын 05

Үндэсний хэмжээнд хийгдсэн сүрьеэгийн тархалтын судалгаагаар Дархан-Уул аймгийн 15-аас дээш насны 10000 хүн амд тархалтын тохиолдол өндөр байсан ба 2017 оны эхний 9 сарын байдлаар ч сүрьеэгийн шинэ тохиолдол, эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдол нилээдгүй байгаа юм.

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгээр сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгийг сүрьеэгийн өвчлөл өндөртөй аймгуудад  зохион байгуулахаар төлөвлөсөн ба  Дархан-Уул аймагт 10-р сарын 2-ноос эхэллээ.

Тус аймагт сүрьеэгийн идэвхитэй эрт илрүүлэг үзлэг, шинжилгээг хийхээр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлаач эмч Д.Эрдэнэчимэг, Рентгений эмч Ц.Дэлгэрхишиг, Рентген техникч Б.Батсүрэн, жолооч Ц.Батаа  нар явуулын Рентген эмнэлгийн машинтай ирж, аймгийн нийгмийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна.

Энэхүү эрт илрүүлэг үзлэгийг бүртгэл, асуумжийн, рентген зураг авалт, шинжилгээний сорьц авах, дүгнэж хянах, онош баталгаажуулах, эмчилэх хяналтанд авах зэрэг үе шатаар хийх ба 10-р сарын 2-ноос 10 хүртэл үргэлжлэх юм. Одоогоор Хонгор сумын эрүүл мэндийн төвд ажиллаж, хөдөөгийн 300 орчим хүнийг хамруулсан ба сүрьеэгээр сүүлийн 5 жилд өвчилсөн хүмүүсийн гэр бүлийн болон, хамт ажиллаж, сурч, амьдарч байсан ойрын хавьтлууд, нэн ядуу, орон гэргүй, тэнэмэл зэрэг нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс, сүрьеэгээр өвчилж болзошгүй нөхцөлд ажил эрхэлдэг хүмүүс, чихрийн шижин өвчтэй хүмүүсийг онцолж хамруулах зорилготой ажээ.

Үзлэг шинжилгээний үр дүнд сүрьеэгийн өвчлөлийг эрт илрүүлж, хүн амын дундах тархалтыг бууруулах ба 10-р сарын 5-наас Дархан суманд  эрт илрүүлгийн багийнхан ажиллана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top