Хүний эрүүл мэндийн байдал болон ялангуяа халдварт бус өвчин хэмээх зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар зэрэг өвчнүүдийг үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлийн нэг бол хүн амын давсны зохисгүй хэрэглээ юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор хүн өдөрт 5 гр давсыг хэрэглэх ёстой байдаг.
Монгол хүмүүс өдөрт 10-15 гр давсны хэрэглээтэй байна гэдгийг судлаачид тогтоосон байна. Иймд зөв зан үйлийн төлөвшил буй болгох насанд байгаа бага насны хүүхдүүдэд давсны хэрэглээний талаар сургалт мэдээллийг хийх шаардлага нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тулгамдсан асуудал болж байгаа юм.
Үүнд үндэслэж Дархан-Уул аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн хамт олон санаачилж “Чимх давс-таны эрүүл мэндэд” хөтөлбөрийг боловсруулж “Жигүүр” цогцолбор сургуульд хэрэгжүүлэхээр нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Үйл ажиллагааны нээлтэнд Нийгмийн эрүүл мэндийн төв, “Жигүүр” цогцолбор сургуулийн дарга удирдлагууд, багш, ажилчид, эцэг эх, сурагчид оролцсон ба хүүхдүүд хөтөлбөрийн үйл ажиллагааг дэмжиж, урлагийн үзүүлбэрүүдийг үзүүлж сонирхуулав.
Хөтөлбөрийн зорилго нь сургуулийн цайны газарт хийж байгаа бага ангийн хүүхдүүдийн “Үдийн цай” хөтөлбөрийн хоол, цайны давсны хэмжээг бууруулах ба давсны хэмжээг Японы давс хэмжигч аппаратаар хэмжих юм. Мөн зөвхөн үдийн цай хоол төдийгүй, багш ажилчид, сургагчдын гэрийн хоол цайны давсыг ч хэмжинэ. Нийгмийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд хэмжисэн давсны хэрэглээгээр суурь судалгаа хийж, хөтөлбөрийн хүрээнд багш, сурагчид, эцэг эхчүүдэд халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйл болон давсны зохистой хэрэглээгээр сургалт, сурталчилгааг төрөл бүрийн аргаар зохион байгуулах юм.
Сэтгэгдэл ( 0 )