Дархлаажуулалтын арав хоногт амжиж вакцинаа хийлгээрэй

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 18

"Дархлаажуулалтын 10 хоног" эхэлж байгаа болон улирлын томуугийн вакцин хийж эхэлж байгаатай холбогдуулан өнөөдөр ХӨСҮТ-д хэвлэлийн бага хурал боллоо.

 Эхний ээлжинд эрсдэлт бүлгийн тодорхой хувийг дархлаажуулна

Хурлын эхэнд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ ”Манай эмнэлгийн харьяа Томуугийн үндэсний төв нь Монгол Улсын хэмжээнд томуу, томуу-төст өвчний тархвар судлалын болон вирүс судлалын тандалтыг зохион байгуулан хэрэгжүүлж, томуу, томуу төст өвчний тахалт болон цартахалт тархалтаас сэргийлэх, таслан зогсооход шаардагдах нийгмийн эрүүл мэндийн болон эмнэл зүйн арга хэмжээний үндэслэл, арга зүйг боловсруулан авч хэрэгжүүлдэг байгууллага юм.

Манай төв 2004 оноос эхлэн АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвтэй хамтран ажиллаж томуугийн тандалтын тогтолцоог өргөжүүлэн бэхжүүлж, тандалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, бусад олон улсын томоохон байгууллагуудад өндөр түвшинд үнэлэгдэж ирсэн. Иймээс 2015 оны 10 дугаар сард АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн хамтын үйл ажиллагааны хүрээнд “Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллага”-ын “Вакцины тэгш хүртээмжтэй асуудлыг хариуцах” төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Томуугийн вакциныг нэвтрүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа 7 дахь орон болсон юм.

2016/2017 оны томуугийн улиралд 45,000 хүн тун вакциныг үнэ төлбөргүй хүлээн авч томуугийн хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажилладаг эрүүл мэндийн байгууллагын ажилчид, цэрэг, цагдаа зэрэг онцгой нөхцөл байдалд ажилладаг хүмүүсийг дархлаажуулсан билээ.

Энэ жилийн томуугийн улиралд дахин 175,000 хүн тун улирлын томуугийн вакциныг хүлээн авахаар Халдварт өвчин судлалын үндэсний төв, Томуугийн үндэсний төв “Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллага”-ын “Вакцины тэгш хүртээмжтэй асуудлыг хариуцах” төвтэй ахин гэрээ байгуулж эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулахаар бэлтгэл ажлыг хангасан, дархлаажуулалтын үйл ажиллагааг эхлэхэд бэлэн болоод байна.

2017 оны аравдугаар сарын 13-ны өдөр эхний ээлжийн 50,000 хүн тун вакциныг АНУ-ын Протейн сайнс корпорациас хүлээн авсан бөгөөд, вакциныг түгээх үйл ажиллагаа эхлээд байна. Бид энэ жилийн хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй олон хүн тун вакцин хүлээн авч байгаа хэдий ч эрсдэлт бүлгийн тодорхой хувийг эхний ээлжинд дархлаажуулахаар төлөвлөөд байна” гэв.

Томуугаар өвчлөгсдийн ихэнх нь хүүхдүүд байна

ДЭМБ-ын Дархлаажуулалтын асуудлаархи стратегийн зөвлөлдөх хорооноос улирлын томуугийн вакцинаар нэн тэргүүнд дархлаажуулах таван бүлгийг тодорхойлон гаргажээ. Үүнд: жирэмсэн эмэгтэйчүүд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, <5 насны хүүхдүүд (үүн дотроо 6-23 сартай), ахмад настнууд, архаг хуучтай хүмүүсийг тодорхойлсон байна.

Олон жилийн судалгаа шинжилгээгээр жирэмсэн эмэгтэйчүүд нь томуугийн шалтгаант хүндрэл (амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, төрөлтийн жин буурах гэх мэт), нас баралтад өртөх хамгийн өндөр эрсдэлтэй байдаг болохыг судлан тогтоожээ.

Улирлын томуугийн идэвхгүйжүүлсэн вакцин нь жирэмсэн эмэгтэйчүүдийг томуугаас хамгаалах, халдвар авсан ч хүндрэх эрсдэлийг бууруулдаг ба жирэмсний аль ч хугацаанд хийж болох бөгөөд ямар нэг сөрөг нөлөөгүй. 6 хүртэлх сартай нярай хүүхдүүд бусад насны бүлгийн хүүхдүүдтэй харьцуулахад томуугийн шалтгаантай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх өндөр эрсдэлтэй байдаг аж. Эхээс авсан дархлаа нь хэвлийд байгаа ургийг томуугийн шалтгаант хүндрэлээс хамгаалж, төрсний дараа 6 сарын хугацаанд томуугийн халдвараас хамгаалдаг байна.

Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгсдийн 3-5 хувь ТТӨ/Томуу төст өвчин/-тэй гэж оношлогдон, өмнөх долоо хоногтой харьцуулахад бага зэрэг нэмэгдэж буй ажээ. Өвчлөгсдийн 80 хувийг 15 хүртэлх, 70 хувийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж, уушгины үрэвсэл, амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай эмнэлэгт хэвтэгсэд нийт хэвтэгсдийн дотор 10 орчим хувийг эзэлж, өмнөх долоо хоногоос бага зэрэг нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар томуугийн вирус хүн амын дунд эргэлтэнд ороогүй, томуу төст өвчнийг үүсгэгч иж томуу, риновирус, бокавирус эргэлтэнд байгаа аж.

С.Баяр

 Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТА(103.26.195.189) 2017 оны 10 сарын 18

ТУРШИЛТАНДАА ОРООРОЙ

0  |  0
Top