Замын түгжрэл, утаа, ажилгүйдэл, ядуурал, архидалт гээд бухимдах зүйл нийгэмд дүүрэн. Гэхдээ энэ бүхнийг эерэгээр харж, өөрт ашигтайгаар эргүүлэх нь тухайн хүн сэтгэцийн хувьд эрүүл байх гарц аж. Гэвч биднээс үл шалтгаалан нийгмийн олон хүчин зүйлээс хүн стресстэж, ядаргаанд орж, нойргүйддэг. ДЭМБ-ын судалгаагаар дөрвөн хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн эмгэгээр өвддөг гэж үздэг байна. Тэгэхээр сэтгэцийн эмгэг гэх чимээгүй тахалд хэн ч , хэзээ ч өртөж мэдэх нь. Соёлт нийгмийн өвчин болоод буй сэтгэцийн эмгэг эмчилдэг ганц газар нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв. Энэ төв байгалийн гамшигт өртсөн иргэдэд ч сэтгэл санааны тусламж үзүүлдэг юм. Өнгөрсөн сард Отгонтэнгэр хайрханд авирсан 27 уулчны 17 нь харамсалтайгаар амиа алдаж, 10 нь эсэн мэнд эргэн ирсэн билээ. Тэд сэтгэл зүйн гүн хямралд орсон учраас СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн байна. Амьд үлдсэн 10 уулчны ес нь тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ эхлээд буруу ойлголттой байснаа нуугаагүй аж. “Шар хадны” гэх тодотголоос нь болоод хэцүү, галзуу солиотой хүмүүс л очдог гэж ойлгодог хүн цөөнгүй. Энэ ойлголт ч тэдэнд байсан бөгөөд эхэндээ хэд хэдээрээ ирж, сүүлдээ анх ирсэн хэсэг нөхдийн ятгалгаар нэгээс бусад нь бүгд уг эмнэлэгт эмчлүүлж, сэтгэл, бие махбодийн хувьд эрүүл болоод гарсан байна. Сэтгэцийн гүн хямралд орсон тэднийг эмчилгээний төлбөр авалгүй, оочер дугааргүй цаг алдалгүй үйлчилжээ. СЭМҮТ-ийн Неврозийн тасаг угтаа бол төлбөртэй үйлчилдэг. Гэхдээ ийм гамшиг ослын үед иргэдэд үнэ төлбөргүй, яаралтай тусламж үзүүлдэг байна. Эмгэнэлт ослоор нөхдөө алдсан тэдэнд хамгийн түрүүнд амар тайван, тав тухтай орчин, сэтгэл санааны ганцаарчилсан болон бүлгийн сургалт, бие махбодийн хувьд ч тайвшрах, нойрсох хэрэгцээ хамгийн их байсан нь мэдээж. Иймдээ ч тэд тус эмнэлгийг “Ийм сайхан эмнэлэг байдаг гэж урьд нь мэдээгүй юм байна. Яг л төрсөн гэр шиг, төрөл садан шиг халуун дулаан хүлээн авсанд баярлалаа. Эмч, ажилтнууд нь ч ааль сайхантай юм” хэмээн ам сайтай байсан гэнэ. Тэгвэл энэ эмнэлэгт ямар хүмүүс ажилладаг вэ. Тэд ямар “шалгалт” давж энд ирдэг бол. Энэ талаар СЭМҮТ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Л.Насанцэнгэл “Сэтгэл засалч гэдэг бол их өвөрмөц мэргэжил. Хүний их эмчээр зургаан жил сураад, хоёр жил анхан шатанд ажиллаад, хоёр жил сэтгэцийн эмчээр резидентурт суралцсаны дараа сэтгэцийн эмч болдог. Харин сэтгэцийн эмч зургаан сар сэтгэл заслын төрөлжсөн мэргэжлээр суралцаад сэтгэл засалч болдог юм. Манай эмнэлэгт дөрвөн сэтгэл засалч ганцаарчилсан, бүлгийн, булчин сулруулах гэх мэт долоон өрөөнд тусламж үйлчилгээ явуулдаг. Манай эмнэлгийн барилгууд эхнээсээ тохижиж, орчин үеийн эрүүл мэндийн тусламжийн тав тухыг тодорхойлж буй “Интермед”, “Грандмед” шиг болж байна.
Манайхан “Шар хадны” эмнэлэг гэж галзуу солиотой хүмүүс л ирж эмчлүүлдэг юм шиг ойлгож, ярьдаг ч үнэндээ энэ нь газрынх нь нэршил. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гамшгийн үед иргэдэд үзүүлэх нь хамгийн чухал байдаг” гэж ярив. Мөн тэрбээр “Байгууллагын тохижилтыг ариун цэврийн өрөөгөөр нь , улс орны хөгжлийг сэтгэцийн эмнэлгээр нь дүгнэдэг гэдэг. Би энэ эмнэлэгтээ тэнхимийн багшаас эхлээд орлогч дарга, ерөнхий захирал гээд нийтдээ энэ албанд 27 жил тасралтгүй ажиллаж байна. 20 гаруй улс оронд богино хугацаагаар суралцах, хурал зөвлөгөөн, туршлага солилцох зэргээр мэргэжил дээшлүүлсэн. 2005 онд Автрали улсад “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг улс орнуудад зохион байгуулах нь” гэсэн сэдвээр ДЭМБ улс орнуудын сэтгэцийн албаны өндөр түвшний удирдагч нарт 21 хоногийн сургалт зохион байгуулсан. Энэ сургалтаар бидэнд “Улс орны хөгжлийг сэтгэцийн эмнэлгээр нь дүгнэдэг” гэсэн сэдэвт хичээл заадаг байлаа. ДЭМБ-ын Сэтгэцийн асуудал хариуцсан зөвлөхөөр олон жил ажиллаж байсан Норман Сарториус ч тэгж хэлж байсан. Тэнхимд цуг багшаар ажиллаж байсан Хүний гавъяат эмч, профессор Ш.Доржжадамба, Хүний гавъяат багш профессор С.Бямбасүрэн нар маань ч тэгж хэлдэг байв. Манай улс эрчимтэй хөгжсөөр байна. Бид стрессийн шалтгаантай сэтгэцийн эмгэг, нойргүйдэл, архаг ядаргаа, сэтгэл гутрал ихэссэн нь нийгэм хөгжсөнтэй холбоотой. Өмнө нь машин цөөхөн байхад түгжрээ гэж байдаггүй байлаа. Тэгвэл иргэд машинтай болсонтой холбоотойгоор түгжрээ гэдэг чинь бий болоод байгаа юм. Яг үүнтэй адил нийгэм хөгжихийн хэрээр мэдээ мэдээлэл ч ихэслээ, сэтгэцийн эмгэг ч нэмэгдсэн” гэлээ.
1984-1992 оны судалгаатай харьцуулахад стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг манай улсад 40 дахин нэмэгджээ. Халдварт өвчин шиг тархаж буй энэ эмгэгээс сэргийлэх, эмчлэх гол ачааг нуруундаа үүрч яваа тус төв 2013-2017 он буюу дөрвөн жилийн дотор сүүлийн 30 жилд өрнөөгүй олон өөрчлөлт, шинэчлэлийг хийжээ. Монгол Улсын хэмжээнд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг төрөлжсөн мэргэжлийн тусгай төв бөгөөд 21 аймаг, есөн дүүрэгт салбар сэтгэцийн кабинет, тасагтай 88 дахь жилдээ хөгжиж буй ууган байгууллагын онцлог, давуу талыг сонирхуулъя.
Сэтгэл зүйн оношилгооны 45 аргыг хэрэглэж байна
Сэтгэл зүйн оношилгооны олон аргыг нэвтрүүлснээр өндөр хөгжилтэй орны хэмжээнд очжээ. Өмнө нь эмгэг сэтгэл судлалын болон оюуны түвшин тогтоох сорилыг л анх Оросоос оруулж ирж хэрэглээд 30 гаруй жил болсон байна. Тэгвэл өнөөдөр хүүхдийн сэтгэл зүйн оношлогооны хамгийн дэвшилтэт, зан төлөвийг тодорхойлох сорил, мэргэжил сонгох гэх мэт хүүхэд болон том хүмүүст зориулсан нийт 45 оношилгооны аргыг эхнээс нь өөрийн болгон нэвтрүүлсээр байгаа юм. Зөвхөн сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүн төдийгүй эрүүл хүмүүст энэ аргууд их ач тустай. Тухайлбал өсвөр насны хүүхдүүдээ оношлуулснаар ирээдүйд ямар мэргэжил сонгох боломжтой болон хэрхэн хөгжүүлэх, юун дээр анхаарах, ямар байдлаар хүүхэдтэйгээ ажиллах, сэтгэцийн тулгамдсан асуудал байгаа, эсэхийг сэтгэл зүйн үүднээс тодорхойлуулах боломжтой. Мөн сэтгэц нөлөөт болон уналт таталтын нийт 19 эмийг эмчилгээндээ шинээр нэвтрүүлэн, сэтгэл засал, сэргээн засах физик, нөхөн сэргээх эмчилгээг илүүтэй хавсран хөгжүүлснээр эмчилгээний хувьд Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудын хэмжээнд ирсэн байна. Тус эмнэлгийн сэтгэл заслын тусламж, үйлчилгээ хамгийн их эрэлттэй байгаа аж. Энэ хэрээр тус эмнэлгийн сэтгэл засалчид сайн мэргэшиж, сэтгэл заслын өрөөнүүдээ маш сайн, стандартын дагуу бэлджээ.
Тоног төхөөрөмжийн хангалт 92 хувьд хүрчээ
Эмчилгээ үйлчилгээний зэрэгцээ эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагааг өргөжүүлж, төгсөлтийн дараах сургалтуудыг чанартай, тасралтгүй явуулснаар улсын хэмжээнд сэтгэцийн эмч мэргэжилтнээр хангагдаж, тэдний эрдмийн цол зэрэг нь ахижээ. Хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэхэд мэдээлэл, сургалт сурталчилгааг өргөжүүлэн ажилласаар ирсэн юм.Сэтгэцийн эрүүл мэндийн албанд эдийн засаг, дэд бүтэц, барилга байшин, хөрөнгө оруулалт сайжирч, зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийн эзлэх хувь 42 байсан бол 92-т хүрчээ. Тэд орчин нөхцөл, үйлчлүүлэгчийн ая тухыг хангахын тулд идэвхитэй ажилласан нь өнөөгийн шинэ дүр төрхтэй эмнэлгийн барилгаас илт харагдана. Үүнийг нь дэмжин ЭМЯ шинэ цогцолбор барилгын тавилга, тоног төхөөрөмжийг тендер зарлан бүрэн хангаж өгчээ. Хотын төвөөс алслагдсан, цэвэр бохир усны шугам сүлжээнд холбогдоогүй ч төв газрын цэмцгэр эмнэлгээс дутахааргүй, заримаас нь илүү гарах хэмжээнд орчин нөхцөл, шинэ эмчилгээ үйлчилгээг нэвтрүүлсэн тэд ЭМЯ-ны тендерт шалгарсан байгууллагуудтай хамтран ажиллаж, хяналт тавьж, ажлыг чанартай дуусгаж авах гэх зэрэг их ажлын ард гарч, энэ цагийн шинэ бүтээн байгуулалтын эзэн болжээ.
Тэдний нэрийн хуудас “Брэндбүүк”
Тус эмнэлгийн удирдлагын баг, эмч, эмнэлгийн ажилтнууд идэвх санаачилгатай ажилласны хүчинд байгууллагадаа “Брэндбүүк” нэвтрүүлж, гадаад, дотоод орчны тохижилтыг сайжруулан, эмчлүүлэгчийн ая тухыг бүрэн хангаж чадсан юм. Хотын төвөөс алсдуу байдал нь тэдэнд давуу тал болж, эмнэлгийн гадна талын 8400 ам метр эзэмшлийн талбайгаа бүх тасаг албаддаа 2020 он хүртэл тохижуулахаар хувааж өгсөн байна. Мөн байшин доторх өрөө, тасалгаа бүхнийг ажилчиддаа хуваан өгч, хариуцах эзэнтэй болгожээ. Итгэл сэтгэл нийлсэн 497 эмч, ажилтнууд дөрвөн жил зүтгэсний эцэст эмнэлгийн өнгө зүс, тав тух сайжирсан түүхтэй. Онцлон хэлэхэд, сүүлийн 30-50 жил их засвар хийгдэж байгаагүй, хоорондоо зайтай орших найман барилгыг өөд нь татна гэдэг маш их ажил байдгийг тэндхийнхэн бүгд хэлдэг. Гаднаас нь хараад “Яасан сайхан юм бэ” гэж хэлэх, дотор нь орж, махран зүтгэх хоёрт алд дэлмийн зөрүү бий. Байгууллагын нэрийн хуудас болсон “Брэндбүүк”-тэй болсноор байгууллагынхаа гадна, дотно хаягийг жигдрүүлэх, өвчтөнүүд ижил өнгөтэй хаяг, сум дагаж хүрэх газраа “төөрөлгүй” очих гэх мэт давуу талыг бий болгосон юм. Бүх эмч, ажилтнууд, эмчилгээний өрөө өөрийн гэсэн стандарт, өнгө бүхий хаягтай болохоор толгой эргэх асуудал энд үгүй. Дээрээс нь эмх цэгцтэй сайхан харагддаг юм билээ. Энэ л стандарт журам бүхий “Брэндбүүк”-ээ тэд дагаж мөрдөх “Үндсэн хууль”-тай адил гэж ихэд олзуурхдаг юм билээ. Тодруулбал, логогоо дагаад бүх будаг өнгө, тохижилт шийдэгддэг гэсэн үг юм. Зарим байгууллага янз бүрээр тохижуулсан, янз бүрийн самбар хадчихсан байдаг. Харин арилжааны банкууд өөр өөрийн гэсэн лого, тэрэндээ тохирсон хаяг, өнгө будагтай, машин, хувцаслалт, тавилга хэрэгсэл, бичиг баримт нь ч нь нэг стандартай байдаг. Орчин үеийн эмнэлэг ч мөн ийм л байх учиртай.
Неврозын тасагт хэвтэх гэж хоёр сар хүлээдэг
“Шар хад” гэдэг нэрээр нь дөлдөг байсан иргэд хошуурдаг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Нийгмийн хөгжил дагасан сэтгэл зүйн асуудлаасаа салахын түүс болсон хүмүүс тус эмнэлгээс үйлчилгээ авах гэж хэдэн сараар дугаарлаж байна. Энэ дэвшил биш гэж үү. Муу нэртэй, луу данстай гэдэг шиг галзуу солиотой хүнийг хөл хорьдог гэсэн ойлголт өнөөдөр бага багаар бүдгэрсээр ядаргаа тайлдаг эмнэлэг гэж олонд хэлэгдэж байна. Ингэж ам бардам яриулах болсон шалтгаан нь сүүлийн жилүүдэд маш эрчтэй хөгжсөнийх. Хэвтэж эмчлүүлсэн, тусламж авсан үйлчлүүлэгчид тус эмнэлгийг “Ийм сайхан үйлчилгээтэй, тохитой гэж бодоогүй. Хүмүүс нь ямар сайхан харьцаатай юм бэ” гэж ам уралдан ярьдаг юм билээ. Тиймдээ ч стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн тасаг, ард түмний нэрлэдгээр Неврозын тасаг маш их эрэлттэй, хэвтэх эмчлүүлэх гэсэн хүмүүс хоёр сар хүлээж буй юм. Мөн энэ эмнэлгийн өөр нэг онцлог нь Сэтгэцийн эрүүл мэндийн хуулиар сэтгэцийн хурц өөрчлөлттэй, өөртөө болон нийгэмд аюул учруулахаар хүнийг ямар нэгэн хүндрэл чирэгдэл, хүлээлт үүсгэлгүйгээр шууд хэвтүүлдэг. Өөрсдөө хэвтэх дургүй байсан ч албадан хэвтүүлдэг гэсэн үг. Гэхдээ энэ тусгайлсан тасгуудад өрнөдөг үйл явц гэдгийг хэлэхэд илүүдэхгүй. Өөрийн өнгө төрх, эмчилгээний арга барилтай боллоо гээд сэтгэл амарч болохгүй. Тиймээс СЭМҮТ цаашид дэлхийн өндөр хөгжилтэй орны жишигт хүрэхийн тулд хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, байгууллагын соёл, оношилгоо, эмчилгээний чанарыг сайжруулан нийгэм хамт олонд тулгуурласан тусламж үйлчилгээ, сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох, сэтгэл засал, сэргээн засах, сэтгэл зүйн тусламжийг өргөжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм. Улс орны хөгжлийг сэтгэцийн эмнэлгээр нь дүгнэдэг гэж дээр хэлсэнчлэн СЭМҮТ хөгжиж байна, манай улс ч мөн хөгжиж буй нь лавтай.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
Сэтгэгдэл ( 0 )