Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нар өнөөдөр нийслэлийн Амгалан амаржих газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Тус амаржих газрын Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг, Мэс засал, мэдээгүйжүүлэг, Эрчимт эмчилгээний тасаг болон Төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцахын сацуу Д.Сарангэрэл сайд тэнд хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдээс эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаархи санал сэтгэгдлийг нь сонссон юм.
Мөн энэ өдөр нийслэлийн Амгалан амаржих газарт шинээр нээгдэж буй “Нярайн эмгэг судлалын тасаг”-ийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж, хүчилтөрөгч өтгөрүүлэгч болон нярайн утлагын аппаратыг эмнэлгийн удирдлагуудад гардуулан өглөө.
“Нярайн эмгэг судлалын тасаг” нээгдсэнээр тус амаржих газарт мэндэлсэн олон нярайд ахисан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой болж буй бөгөөд эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эмнэлгийн нөхцөл байдал болоод эмч, эмнэлгийн мэргэжилтний ур чадварт ихэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )