Эрүүл мэндийн хөгжлийн төв “Нээлттэй хаалганы өдөр”-ийг байгууллагын үйл ажиллагааг танилцуулах, эрүүл мэндийн салбарынхан болон иргэд, үйлчлүүлэгчдэд тулгамдаж байгаа асуудлууд, тэдгээрийг хэрэглэгчдэд ээлтэйгээр шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах, санал, хүсэлтийг сонсох зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ.
Энэ удаагийн Нээлттэй хаалганы өдөр харилцагч байгууллагуудад хандсан үйл ажиллагаануудыг түлхүү зохион байгуулж, 2018 онд магадлан итгэмжлэл авах эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөгөө өгөх, Цахим сургалт хийх, гадаадын эмч мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн талаар уулзалт зохион байгуулах, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдэд хөрөнгийн төлөвлөлтийн програм дээр ажиллах дадлага сургалт зохион байгуулж, өнөөдрийн үйл ажиллагааг цахим сүлжээгээр 21 аймагт нэгэн зэрэг хүргэж байгаагаар онцлог юм.
Үүний зэрэгцээ мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад хамрагдах эмч, мэргэжилтнүүд их байгааг харгалзан Нээлттэй хаалганы өдрөөрөө нэг удаа төлбөргүй шалгалт өгөх боломжийг эмнэлгийн мэргэжилтнүүдэд олгож байна.
Мөн материалаа бүрдүүлсэн Эм ханган нийлүүлэх байгууллагуудад эмийн экспорт, импортын лицензийн өдөрт нь гаргаж байна.
Эрүүл мэндийн хөгжлийн төв нь эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх бодлого, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох нотолгоо бүрдүүлэх, байгууллага, хүний нөөц, техник технологи, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, салбарын удирдлага, манлайллыг дээшлүүлэх замаар хүн амын эрүүл мэндийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий байгууллага юм.
2017 онд тус төв нь 2003-2014 оны эрүүл мэндийн үндэсний тооцоо буюу эрүүл мэндийн нийт зардлыг олон улсын ангилал, аргачлалын дагуу тооцон гаргалаа. Ингэснээр салбарын хөгжлийн бодлого, стратеги, дунд ба урт хугацааны төлөвлөлтийн хэрэгжилтэд Хяналт-Шинжилгээ, үнэлгээ хийхэд шаардагдах эрүүл мэндийн санхүүгийн нөөцийн бүрдүүлэлт, хуваарилалттай холбоотой суурь мэдээллийг бий болгоод байна. Цаашид ЭМҮТ-ны үзүүлэлтийг тогтмол тооцож байхаар төлөвлөн ажиллаж байна.
Эрүүл мэндийн салбарт 2015 оноос эмнэлгийн тоног төхөөрөмжийн ажиллагаа үнэн зөв эсэхийг шалгах 12 нэр төрлийн хэмжилтийн тоног төхөөрөмжтэй болсон бөгөөд 2017 онд өвчтөний хяналтын монитор, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, цахилгаан мэс заслын аппарат, хүчилтөрөгчийн аппарат, дефибрилятор зэрэг нийт 376 эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийн стандартад нийцээгүй тоног төхөөрөмжийг хэвийн ажиллагаанд оруулах арга хэмжээ авч ажиллаа.
Салбарын хэмжээнд эмнэлгийн тоног төхөөрөмжийг бүртгэх, мэдээлэх, шаардлагатай нөөц болон хөрөнгө оруулалтын хэрэгцээг тодорхойлж, нэгдсэн бодлого төлөвлөлт, нотолгоот мэдээллээр холбогдох байгууллага болон шийдвэр гаргагчдыг хангах “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн бүртгэл мэдээний сан” програм хангамжийг боловсруулан сургалт, туршилтууд дуусаад ашиглахад бэлэн болоод байна.
Мөн эрүүл мэндийн салбарын ”Хүний Нөөцийн Хөгжлийн Систем” мэдээний сантай болж эмнэлгийн мэргэжилтнүүдийг хөгжүүлэх, тэдний лиценз, шалгалт, сургалт болон хөгжлийн үйл ажиллагааг цахим хэлбэрт оруулан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлээ.Үүний үр дүнд салбарын хэмжээнд эмч, мэргэжилтнүүдээс гардаг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгуулахтай холбоотой зардлыг 3-4 тэрбум төгрөгөөр хэмнэх тооцоотой байгаа бөгөөд байгууллагын үйл ажиллагааг ил тод, шуурхай болгож байгаагаараа дэвшилттэй ажил болж байна.
Эмийн бүртгэл, мэдээллийн Licemed програмыг шинэчлэн ашиглалтад оруулж, 6375 эм, 282 эмийн түүхий эд, 1425 биологийн идэвхт бүтээгдэхүүн, 388 оношлуур, нийт 8470 нэрийн эмийн бүтээгдэхүүний бүрэн мэдээлэл бүхий мэдээний санг бүрдүүлэн ажиллаж байна. Мэдээний сан үүссэнээр иргэд, эрүүл мэндийн болон эм хангамжийн байгууллагууд эмийн талаар мэдээлэл авах, улмаар эмийн чанар аюулгүй байдлыг хангах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх боломж бүрдлээ.
Сэтгэгдэл ( 0 )