Хариуцлага хамгийн том хамгаалалт

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 10

"Эрүүл явбал мянган лан" гэж юутай үнэн үг вэ. Үнэхээр ч хүний амьдралд эрүүл байхаас илүү жаргал гэж үгүй билээ. Харамсалтай нь хүн төрөлхтөний дунд төрөл бүрийн өвчин эмгэг олширч, олон мянган хүн зовж байгаа нь юутай харамсалтай. Тэр дундаа ХДХВ-ээр өвчлөгсөд бидний дунд их байна. Хүн бүр энэ өвчний талаар сонсож байсан ч чухам ямар өвчин болох, яагаад тусдаг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар төдийлөн мэддэгүй. Тэр төрлийн мэдлэг хомс байгаа юм. Мэдлэггүй, мэдээлэлгүй байна гэдэг бол өвчнөөс ч илүү аюул заналыг хүмүүс бидэнд авчирч байгаа хэрэг юм .Иймээс ч ZIndaa.mn сайтын зүгээс ХДХВ-ийн талаарх ойлголт болон холбогдох мэдээллийг дэлгэрэнгүй хүргэж байна.

Хүний дархлал хомсдолын вирус /ХДХВ/-ийн халдвар нь ХДХВ-ээр үүсгэгддэг архаг явцтай халдвар юм.

Дархлалын тогтолцоог гэмтээх явц нь 6 сараас 10 жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд тухайн хүнд зовиур илрэхгүй ч халдвараа тараах эрсдэлтэй байдаг.

ХДХВ гэж юу гэсэн үг вэ?

Тиймээ, ХДХВ-ийн талаар өгүүлэхийн өмнө үгийн товчлолыг дэлгэрүүлэх хэрэгтэй.  Х-хүний (зөвхөн хүнээс халдварладаг гэсэн үг)

 

Д-дархлал

Х-хомсдол (Хүний дархлалын эсүүдийг устгадаг. Дархлалын хомсдол гэдэг нь хүний биеийн дархлалын тогтолцооны аливаа өвчнийг хамгаалах чадвар муудсаныг хэлнэ.)  

В-вирүс (Энэ өвчин вирүсээр үүсдэг бөгөөд энэ вирусийг төгс эмчилж чаддаггүй)

ДОХ өвчнийг үүсгэгч...

ХДХВ нь ДОХ өвчнийг үүсгэгч вирус юм. Гэхдээ ХДХВ болон ДОХ нь нэг ойлголт биш. Өөрөөр хэлбэл, ХДХВ-ийн халдвар тээгч хүн бүр ДОХ-ын халдвартай гэсэн үг юм. Харин ДОХ-той хүн бүр ХДХВ-ийн халдвартай. ХДХВ-ийн халдвар авсны дараа удаан хугацааанд хүний дархлалын тогтолцоо гэмтэж суларснаас яваандаа ямар ч өвчнийг эсэргүүцэх чадваргүй болдог. Энэ үед төрөл бүрийн өвчнөөр өвчилдөг. Энэ үеийг "Дархлалын Олдмол Хомсдолд орлоо" гэж хэлдэг. ДОХ нь үхэлд хүргэж болох дагалдах халдварууд болон хорт хавдраар голчлон илэрдэг.

ХДХВ хүний дархлалын тогтолцоог хэрхэн гэмтээдэг вэ?

ХДХВ нь хүний дархлалын тогтолцоог гэмтээж устгадаг. Хүний дархлалын тогтолцоо биед ямар нэгэн халдвар болон хортой зүйл орохыг хянаж, орсон халдвар болон эмгэгийг хайж олдог. Түүнчлэн биед орсон гадны биетийг устгах хариу урвал үзүүлэх, уг мэдээллийг хадгалах, хүний биеийн хуучирсан, гэмтсэн эд эсийг солих, засах, нөхөн сэргээх, халдварыг устгах зэрэг нарийн зохион байгуулалттай, чухал үүргийг гүйцэтгэдэг. Үүргээсээ хамаараад дотроо хэдэн бүтэцтэй байдаг.

Үүний нэг нь аливаа халдварын мэдээллийг хүлээн аваад "эсрэг бие" хэмээх тодорхой нэг л халдварыг хайж олох чанартай, маш өндөр мэдрэмжтэй, хайгуулын тусгай үүргийг бий болгодог. Дархлааны энэхүү хамгийн чухал хэсгүүдэд нь CD4 хэмээх өвөрмөц эсүүд байдаг. ХДХВ нь хүний биеийн СD4 эсийг "өөрийн үржүүлэгч"-ээ болгон ашигладаг. Цаг хугацаа өнгөрөх тусам хүний бие дэх вирусийн тоо өсч, СD4 эсийн тоо цөөрнө. Улмаар хүний дархлалын тогтолцоо суларч үндсэндээ бүх төрлийн халдвартай тэмцэх чадваргүй болдог байна.

ХДХВ-ийн халдварын үе шат
 

ХДХВ-ийн халдварын үе шатыг
-Халдварын эхэн үе
-Эмнэлзүйн шинж тэмдэггүй үе
-Шинж тэмдэг илрэх үе
-ДОХ-ын шатандаа шилжих үе гэж дөрөв хуваадаг

ХАЛДВАРЫН ЭХЭН ҮЕ

Энэ үе цөөн буюу долоо хоног л үргэлжилдэг. Гол төлөв богино хугацаагаар ханиалгах шинж тэмдэг илэрнэ. Халдвар авсан хүмүүсийн 20 хүртэлх хувьд энэхүү ханиалга эмчид очих хүртэл зовиур өгдөг. Энэ үед цусан дахь вирус ихээр үрждэг учир тэдгээрийг устгахын тулд хүний дархлалын систем эсрэг бие гэгч эсийг бий болгодог. Эсрэг бие гүйцэд үүсч амжаагүй энэ үед шинжилгээ өгөхөд халдвар авсан нь илэрдэггүй.

ЭМНЭЛ ЗҮЙН ШИНЖ ТЭМДЭГГҮЙ ҮЕ

 
Энэ үе дунджаар 10 орчим жил үргэлжлэх ч ямар ч шинж тэмдэг илрэхгүй. Тухайн хүний бие организмаас хамаарч хэдэн ч жил, магадгүй цөөн жил ч үргэлжилж болно. Энэ үед вирус илрүүлэх эсрэг бие үүссэн байдаг тул ХДХВ/ДОХ-ын шинжилгээ өгөхөд халдвартай эсэхээ мэдэж болно.

ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭХ ҮЕ
Цаг хугацаа өнгөрөх тусам хүний дархлалын систем ХДХВ-тэй тэмцэх чадвараа бүрэн алддаг. Үүнд гурван гол шалтгаан бий.
1. Дархлалын эсүүд удаан хугацааны идэвхтэй үйл ажиллагааны дараа гэмтэж бүрэн (шатаж) дуусдаг.
2. ХДХВ дархлааны эсүүдэд дийлдэхгүй болдог.
3. Хүний бие алдсан эсүүдээ нөхөх чадваргүй болдог.
Ингэж хүний дархлалын тогтолцоо суларснаас шалтгаангүй олон, өвчнүүдийг үүсгэдэг. Үүнд уушигны үрэвслүүд, хатгаа, сүрьеэ, амны мөөгөнцөр, хомхой, арьсны хорт хавдрууд гэх мэт.

ДОХ-ЫН ШАТАНД ШИЛЖИХ ҮЕ

Хүний дархлалын систем ихээр гэмтсэнээр төрөл бүрийн өвчинтэй тэмцэх чадваргүй болдог.
ДОХ-той холбоотой нэг болон хэд хэдэн дагалдах халдварууд илэрсэн, 1 шоо.мм СD4 эсийн тоо 200-гаас доош буусан тохиолдолд тухайн хүнийг ДОХ-ын шатандаа шилжлээ гэж одоогоор үзэж байгаа. Хэдий халдвартай хүний бие тааруу байсан ч ДОХ-ын шатандаа шилжээгүй байж болдог. Өөрөөр хэлбэл, бие муудлаа л бол ДОХ-ын шатандаа шилжлээ гэсэн үг биш юм.

ХДХВ-ийн халдвар дамжих зам:

1. Бэлгийн зам: ХДХВ/ДОХ-ын халдвартай хүнтэй хамгаалалтгүй /бэлгэвчгүй/ бэлгийн хавьталд орох

2.Цусаар: Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэн суулгах, зүү тариурыг дамжуулан хэрэглэх

3. ХДХВ-ийн халдвартай эхээс хүүхдэд: жирэмсэн үед, төрөх үед болон төрсний дараа хөхний сүүгээр тус тус дамждаг байна.

ХДХВ/ДОХ/БЗДХ-аас хэрхэн сэргийлэх вэ?

ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх алтан дүрэм буюу ABCD-ын дүрмийг мөрдвөл халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалж чадна.

А: Тэвчих (гэрэлтлээ бэлгийн харьцаанд орохгүй байх, гэрлэсэн бол

     тохиолдлын бэлгийн харьцаанаас татгалзах)

B: Бие биедээ харилцан үнэнч байх

C: Бэлгийн харьцаанд орох бүртээ бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэх

D: Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс татгалзах

Архаг явцтай халдвараас амьдарлаа аваръя

ХДХВ болон ДОХ өвчний хоорондын ялгаа, тэдгээрийн ойлголтын талаар тодорхой мэдлэгтэй болсон гэдэгт итгэж байна. Хэдийгээр ХДХВ болон ДОХ өвчнийг одоогоор төгс эмчлэх арга ухааныг анагаахын шинжлэх ухаанд олж тогтоогоогүй байгаа ч урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм. Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын тархалт бага түвшинд байгаа хэдий ч өртөмтгий байдал маш өндөр гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

ДОХ зөвхөн эрүүл мэндийн асуудал биш, харин нийгэм болон хөгжлийн асуудал. Эрүүл саруул харагдаж байгаа хүн ХДХВ-ийн халдвартай байж болно. Тиймээс хүн бүр урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ өгч байх нь зөв шийдвэр юм. Хэнийг ч гаднаас нь хараад халдвар тээгч гэдгийг мэдэх боломжгүй. Иймд  зөвхөн халдвартай нь мэдэгдсэн цөөхөн хүмүүс рүү анхаарлаа чиглүүлэх биш, харин хүн өөрөө хариуцлагатай байх нь ДОХ-оос хамгаалах хамгийн гол хэрэгсэл юм.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top