Ихэвчлэн бэлгийн замаар дамжин халдварладаг өвчнүүдийг БЗДХ буюу бэлгийн замаар дамжих халдвар гэнэ. Үүнд: Заг хүйтэн, трихомониаз, тэмбүү, хламид, ДОХ зэрэг 20 гаруй БЗДХ багтдаг.
Бэлгийн хавьталд эрэгтэй, эмэгтэй эсвэл хоёр эрэгтэй хүн орж байна уу гэдгээс үл хамааран бэлгийн замаар дамжин 20 гаруй төрлийн өвчин халдварладаг.
Үтрээгээр, шулуун гэдсээр болон аман секс аль алинаар нь БЗДХ дамжиж болно. БЗДХ-ууд биеийн эд эрхтнүүдийг гэмтээх, үргүй болгох, эсвэл түүнээс ч ноцтой аюулд хүргэнэ. Бэлгийн замаар дамжих халдвар авсан үед дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:
• Шодой болон үтрээнээс хэвийн бус ялгадас гарах
• Шодой, үтрээ эсвэл шулуун гэдэсний орчим яр, шарх, цэврүү гарах
• Шээх үед шээсний сүвээр хорсож өвдөх
• Хэвлийн доод хэсгээр эсвэл бэлгийн хавьтлын үед өвдөлт мэдрэгдэх
• Бэлэг эрхтний орчмоор загатнах
Тэр ч бүү хэл ямар ч шинж тэмдэг илрэхгүй байх ч тохиолдол бий.
БЗДХ тархах замууд:
• Халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноор
• Халдварлагдсан цус цусан бүтээгдэхүүн хэрэглэснээр
• Халдвартай эхээс урагт
• Халдварлагдсан зүү тариур, сахлын хутга зэргийг хэрэглэх
Халдварыг эмчлээгүй тохиолдолд даамжран өгсөх замаар аарцгийн хөндийд байрлах умай, умайн гуурсан хоолой, өндгөвч зэрэг дотор бэлэг эрхтнүүдийг үрэвслүүлж умайн гадуур жирэмслэх, ураг зулбах, дутуу төрөх, үргүйдэлд хүрэх зэрэг олон сөрөг үр дагавартай.
• Тэмбүүтэй жирэмсэн эмэгтэйчүүдийн ураг хэвлийдээ эндэх, халдварлагдсан, амьдрах чадваргүй хүүхэд төрөх зэрэг сөрөг дагавартай байдгийг анхаарах хэрэгтэй.
• БЗДХ-тай хүмүүс өөрсдөө өвчлөхөөс гадна бусдад халдварыг дамжуулан олон хүнийг өвчлүүлэх аюултай..
• Хүний папилома вирусын халдвар хавдар үүсгэх зэрэг хор уршигтай.
Дэлхий дээр өдөр бүр нэг сая орчим хүн ХДХВ-ийн болон бусад бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) авч байна гэсэн судалгаа байдаг бөгөөд та энэ бүхнээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
• Тохиолдлын бэлгийн хавьтлаас зайлсхийх
• Бэлгийн нэг хавьтагчтай байх, үнэнч байх
• Бэлгийн хавьтал бүрт бэлгэвчийг зааврын дагуу зөв хэрэглэх нь таныг БЗДХ-ын эрсдэлээс хамгаална.
99 хувь найдвартай бэлгэвчийн бүрэн байдал алдагдаагүй, зөв, тогтмол хэрэглэсэн тохиолдолд БЗДХ болон ХДХВ/ДОХ-оос сэргийлэх боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )