УДАМШЛЫН ӨВЧИН БИШ, ГЭХДЭЭ УУШГИНЫ ДАЙСАН

2017 оны 12 сарын 12

 

/ Хүмүүс ханиадаа сүрьеэ “болгочихдог” гэдэг үнэн үү ?/

Хаа сайгүй л ханиадтай хүн гэхээр болчихлоо. Утаа угаарт хахаж цацах нь тэр биз гэж болох. Гэхдээ ханиагаад л яваад байхыг хэн хүсэх билээ. Амьдрал дээр ханиадаа үл тоодог хүн бас цөөнгүй. “ Жаахан шуухинаанд чинь юун сүртэй юм бэ. Янгууч гэдэг нь “ гэх нь бий. Ханиадаа хүндрүүлж хатгаа болгох, эсвэл бүрэн эдгээхгүй яван явсаар уушги нь муудах. Улмаар сүрьеэтэй болчихдог гэдгийг ерөнхийдөө мэддэг ярьцгаадаг. Нэр томьёоны хувьд мэргэжлийн бус хар яриагаар  ханиаднаас  сүрьеэтэй болдог л гэдэг. Иймэрхүү л бүдүүн тоймоор явж ирснээс сүрьеэ гэх муухай өвчнийг дэндүү газар авахуулж дээ монголчууд минь. Эрүүл мэндийн салбарынхан энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулах  болон бусад ажлыг хийсээр ирсэн.  Гэвч Монгол сүрьеэтэй л байна. Сүрьеэгүй Монгол болохын эх үндэс нь эхлээд өвчний талаар иргэн бүр үнэн бодит зөв ойлголт авах юм. Сүрьеэ гэж ямар өвчин, юу юм бол ?!   

Энэ талаар мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хүмүүсийн таниулга яриа, зөвлөгөө зэргийг агуулгаар нь түгээх үүрэг хэвлэл мэдээллийнхэнд хамаатай. Нэг ёсондоо бичигч уншигч аль алинд нь мэргэжлийн хүний үг чухал.Тийм болохоор олон түмэнд хандсан тэдний мэдээллийг эш барин үүнийг тоймлов.  Сүрьеэгийн нян амьсгалын замаар дамжин халддаг учраас хэн ч сүрьеэгээр өвдөж магадгүй. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөн ярих, ханиах, дуулах үед сүрьеэгийн нян агуулсан дуслууд агаарт цацагдаж энэхүү агаараар амьсгалсан хүн халдвар авдаг. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй хүн нэг удаа ханиалгахад 5 минут чанга ярихад ялгардагтай тэнцүү хэмжээний нян бүхий дуслууд агаарт цацагддаг байна. Сүрьеэ нь сүрьеэгийн савханцар гэх нянгаар үүсгэгддэг өвчин юм. Сүрьеэгийн нян нь ихэвчлэн уушгийг гэмтээх боловч бөөр, яс, тархи нугас гэх мэт хүний биеийн бусад эрхтнүүдийг ч өвчлүүлдэг.  Амьсгалын замаар дамжин уушгинд орсон сүрьеэгийн нянгийн эсрэг хүний бие махбодын дархлалын эсүүд тэмцэж үржлийг нь зогсоосноор нян идэвхигүй хэлбэрээр хүний биед хадгалагдана. Үүнийг сүрьеэгээр халдвар гэнэ.

Сүрьеэгийн халдварын үед ямар нэгэн шинж тэмдэг, зовиур илрэхгүй, бусдад халдвар тараахгүй. Сүрьеэгийн халдвар авснаа хүмүүсийн олонхи мэддэггүй. Харин хүний биед идэвхигүй хэлбэрээр хадгалагдаж байгаа сүрьеэгийн нянгууд тухайн хүний биеийн эсэргүүцэл сулрахад буюу өсч үржих тохиромжтой нөхцөл бүрдсэн үед бие махбодыг өвчлүүлнэ. Үүнийг сүрьеэгээр өвчилсөн гэнэ.

Ийм шинж тэмдгүүдтэй 

- Хоёр долоо хоног ба түүнээс дээш хугацаагаар ханиалгах

- Цэр, цустай цэр гарах

- Шөнө хөлрөх, халуурах

- Бие сульдаж ядрах, хоолонд дургүй болох, биеийн жин буурах

Уушгины бус эрхтний сүрьеэгийн үед: Түүнчлэн сүрьеэгийн нян нь цус, тунгалгийн шингэнээр дамжин бусад эрхтнүүдэд тархан яс, булчирхай, шээс бэлгэ эрхтэн, тархи нугасны сүрьеэг үүсгэж болно. Энэ хэлбэрийн сүрьеэг уушгины бус эрхтний сүрьеэ гэдэг ба өвчилсөн хүмүүс нь бусад хүмүүст халдвар тараах аюулгүй. Танд дээрх зовиур мэдэгдвэл эмчид хурдан үзүүлэхээс гадна таны гэр бүлийнхэн, хамт ажилладаг хүмүүс, ойр дотныхонд ийм шинж тэмдгүүд илэрвэл эмнэлэгт очихыг зөвлөөрэй. 

Энэ шинж тэмдэг илэрвэл яах вэ? Өөрийн харьяа аймаг болон дүүргийнхээ сүрьеэгийн диспансерт болон ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн Тандалт Судалгааны Албанд хандана уу.  Ойр дотны хэн нэгэн сүрьеэгээр өвчилсөн бол та урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдаарай.

Халдварын тухайд: Нянгаар бохирдсон агаараар амьсгалснаар сүрьеэгийн нян хүний биед орж тухайн хүний хамгаалах чадварт дийлдэн унтаа байдалд шилжин хадгалагдана. Сүрьеэгийн халдвар авсан хүмүүст ямар ч зовиур мэдэгдэхгүй, бусад халдвар тараах аюулгүй бөгөөд насан туршдаа ч сүрьеэгээр өвдөхгүй байж болно. Сүрьеэгийн халдвар авсан эсэхийг тодорхойлох арга нь сүрьеэгийн сорил юм. Хэрэв хоол унд дутмаг, сэтгэл санаагаар унах, бусад халдварт өвчнөөр өвчлөх, архи тамхи тогтмол хэрэглэх, ядрах нэг үгээр хэлэхэд хүний биеийн эсэргүүцэл сулрахад “унтаа” нянгууд сэрж эд эрхтнийг гэмтээж эхэлнэ. Энэ тохиолдолд сүрьеэгээр өвчилсөн байна гэж хэлдэг. Та ажил амралтаа зөв зохицуулж, тогтмол хооллож, архи тамхи хэрэглэхгүй байвал таны биеийн эсэргүүцэл сулрахгүй, улмаар сүрьеэгээр өвчлөхгүй байж болно. Таны биеийн эсэргүүцэл сайн бол сүрьеэгийн аюулаас айхгүй байж болно.

Урьдчилан сэргийлэх

- Уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнийг илрүүлж, бүрэн төгс эмчлэх

- Ажлын байр өрөө тасалгаагаа агааржуулах

Оношлох:  Цэрэнд сүрьеэгийн нян хайх шинжилгээ нь уушгины сүрьеэг найдвартай оношлох хямд шинжилгээ юм. Уг шинжилгээг хийхийн тулд 24 цагийн дотор өвчтөний цэрийг хоёр удаа тусгай саванд авна. Шинжилгээ өгөхийн өмнө амаа буцалсан усаар зайлан цээжний гүнээс хахирч ханиалган цэрээ гаргах хэрэгтэй. Цэрний шинжилгээг оношилгоонд хэрэглэхээс гадна эмчилгээний үр дүнг хянах зорилгоор эмчилгээний  тодорхой саруудад хийдэг. Мөн өсгөвөрлөх шинжилгээ, гэрлийн шинжилгээ, хүүхдэд туберкулины сорилын шинжилгээг оношилгоонд хэрэглэдэг

Сүрьеэ өвчин ихсээр дамжин халддаггүй учир жирэмсэн эмэгтэй хүүхэддээ сүрьеэ халдаах аюулгүй. Мөн эм нь урагт гаж нөлөө үзүүлдэггүй. Ээж нь халдвартай хэлбэрийн сүрьеэтэй бол дөнгөж төрсөн нярай хүүхдийг халдвар авахаас сэргийлж (БЦЖ вакциныг хийснээс хойш хоёр сарын дараа дархлаа тогтдог) ээжийг нь эмчилж халдвар ялгаруулахаа болих хүртэл ээжээс нь тусгаарлах нь зүйтэй.

Хэрэв таны хүүхэд энэ вакциныг хийлгэсэн бол зүүн гарын бугалганы дээд хэсэгт жижиг цагаан сорви үүссэн байдаг. Сүрьеэгээр халдварлагдсан эсэхийг тусгай сорил-туберкулины сорилоор мэдэж болно. Сорилыг тарьсны дараа 72 цаг болоод үүссэн гүвдрүүг хэмжиж хариуг нь тодорхойлно. Гүвдрүүний хэмжээ 5-11 мм түүнээс дээш бол халдварлагдсан гэж үздэг. Гэхдээ халдварлагдсан болгон сүрьеэгээр өвдөхгүй. Харин гүвдрүүний хэмжээ 11 мм-ээс дээш гарвал та сүрьеэгийн оношлогооны бусад шинжилгээг хүүхэддээ хийлгээрэй. Хүүхдийн биеийн эсэргүүцэл том хүнийхийг бодвол сул байдаг учир хэрэв өвчилбөл уушгины тархмал сүрьеэ, сүрьеэгийн менингит зэрэг хүнд хэлбэрийн сүрьеэгээр өвчилдөг байна.

Хүүхдүүд гол төлөв гэр орны хүмүүсээсээ сүрьеэгийн халдварыг авсан байдаг. Сүрьеэ  удамшлын өвчин биш юм. Сүрьеэгийн халдвар авах, өвчлөхөд нөлөөлөх гол хүчин зүйл нь халдвар бүхий агаараар амьсгалсан хугацаа байдаг. Хэн нэгэн халдвартай сүрьеэтэй хүнтэй хамт амьдардаг хүмүүст энэ эрсдэл өндөр байдаг. Өвөө, эмээ, аав, ээж нь халдвартай сүрьеэгээр өвчлөөд хүүхэд ач, зээдээ халдварлуулж өвчлүүлснийг сүрьеэ удамшдаг гэж буруу ойлгодог.

Эмчилгээ: Нэгэнт сүрьеэгээр өвчилсөн нь тодорхой болж онош тогтоогдвол даруй эмчилгээгээ эхлэх хэрэгтэй. Сүрьеэ өвчнийг үүсгэдэг нян нь гадны орчинд тэсвэртэй, маш удаан үрждэг учир үүнтэй холбоотойгоор эмчилгээ нь нэлээд онцлогтой. Сүрьеэгийн эмийг ууж эхлэхэд уг өвчнийг үүсгэсэн “идэвхитэй” нянгууд устаад “унтаа” нянгууд нь хэвээрээ үлддэг учир тэднийг устгахын тулд эмчилгээг удаан хугацаагаар үргэлжлүүлэх шаардлагатай болдог. Эмчилгээ нь хоёр үе шаттай явагдана.

Эрчимт эмчилгээ нь 2-3 сар үргэлжлэх ба энэ шатны эмчилгээгээр идэвхитэй нянгуудыг устгадаг. Хоёр дахь шатны буюу 4-6 сар үргэлжилдэг. Эмчилгээний өөр нэг онцлог нь эмийг өдөр бүр, хяналттай уух шаардлагатай  юм. Нэг өдрийн тунг л уухгүй орхивол эдгэрэх хоног нэг өдрөөр хойшилно гэдгийг санаарай.

Сүрьеэтэй нэг өвчтөнийг бүрэн эмчилж эдгэрүүлэхэд дунджаар 50 мянган төгрөгийн эм хэрэглэдэг байна. Манайд сүрьеэгийн эмчилгээ үнэ төлбөргүй. Харин өвчтөн өөрийн буруугаас эмчилгээгээ орхивол цаашдын эмчилгээ нь төлбөртэй гэдгийг анхаарч үнэ төлбөргүй эмчлэгдэх боломжийг битгий алдаарай.

Эмийг өдөр бүр хяналттай уухад л эмчилгээ үр дүнтэй болно. Сүрьеэгийн шууд хяналттай эмчилгээний зарчим нь эмчилгээний бүх л хугацаанд хэн нэг хүн таны эмийг хянаж уулгана гэсэн үг .  Эмээ уухад тань тусалж хянах хүмүүс нь сүрьеэгийн диспансерийн эмч, сувилагч, эрүүл мэндийн сайн дурын ажилтнууд, өрхийн эмч, сумын эмч мөн түүнчлэн танай гэр бүлийн гишүүн ч байж болно. Нэгэнт халдвартай хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн бол хамгийн эхэнд анхаарах зүйл нь бусдад халдвараа тараахгүй байх. Энгийн л хэвшил амны хаалт зүүх, цэрээ ил задгай хаяхгүй байж  чадвал энэ нь халдвар тархахыг багасгах арга болж чадна.

Мөн өвчилсөн үед биеийн жингээ алддаг бол хоол тэжээлийн дутагдал нь сүрьеэ өвчин үүсэх боломжийг ихэсгэдэг. Аминдэм ихээр агуулсан, илчлэг ихтэй хоол идэх нь зүйтэй. Эмчилгээний явцад архи уувал эмийн гаж нөлөө гарч эдгэрэх боломжийг хаана.  Бас тамхи татах нь эрүүл хүнд ч хортой байдаг учир ядарч тамирдсан уушгиа улам хордуулах хэрэггүй юм.

Та өвчилсөн байгаад эдгэрсэн бол халдварлалтын талаасаа  хориглох ажил байхгүй. Гэхдээ тоос шороотой, чийгтэй, хүйтэн нөхцөлд удаан хугацаагаар ажиллавал сүрьеэ өвчин дахин сэдэрч болзошгүй. Болзошгүй бүхнээс болгоомжлуулах нь эрүүл мэндийн салбарынхны нэг үүрэг түүн лүгээ адил хэвлэл мэдээллийн үүрэг зөв ойлголтыг түгээх юм. Тэр дагуу эхний бэсрэг тоймыг бэлтгэн хүргэж байна. Бид хэн ч бай уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ойлголт төсөөлөлтэй байх нь чухал. Тэр анхдагч зөв төсөөллийг мэргэжлийн хэн  нэгний хэлсэн үг, тайлбарласан тайлбар мэдээлэл л өгдөг. Анхдагч зөв төсөөлөл нь цаашдаа аливаа өвчнөөр өвчлөхгүй байхын ул суурь болох тал бас бий шүү.

З.БААТАР


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top