Эрүүл мэндийн яам, Дэлхийн банкны “Цахим эрүүл мэнд” төсөл болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран “Цахим эрүүл мэнд” үндэсний зөвлөлдөх уулзалтыг 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгууллаа.Уулзалтыг нээж ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, Дэлхийн банкны суурийн төлөөлөгч Жеймс Андерсон, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн дарга Р.Оюунханд нар болон бусад холбогдох яам, агентлаг, олон улсын хандивлагч байгууллагын төлөөлөл болон аймаг, нийслэл, дүүргийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн удирдах ажилтнууд нийт 110 гаруй хүмүүс оролцож байна.
Уулзалтын үеэр “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны технологийн талаар баримтлах бодлого” –ын талаар Б.Билэгдэмбэрэл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, “Эрүүл мэндийн салбарын мэдээллийн технологийн хөгжил, ирээдүйн чиг хандлага” сэдвээр Р.Оюунханд, ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн талаар С.Энхболд, Төслийн зохицуулагч, Эстони улсын “Цахим эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлсэн туршлагын талар Пеетер Росс, Дэлхийн банкны зөвлөх, “Мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр Т.Алтанхуяг, Төрийн холбооны газрын мэргэжилтэн нар тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлсэн.
Эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн чиглэлээр, халдварт болон халдварт бус өвчний мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх, цахим эрүүл мэндийг хөгжүүлэх чиглэлээр цөөнгүй төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа ч тэдгээрийн уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах, олон улсын хандивлагч байгууллагуудын техникийн болон санхүүгийн дэмжлэгийг зохицуулах, засгийн газрын үүрэг оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн уулзалтын үеэр Цахим эрүүл мэндийн үйл ажиллагааны 2018-2021 онд хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг үндэсний түвшинд хэлэлцүүлэн, оролцогчдын санал, зөвлөмж тусгах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )