Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар өнөөдөр дүүргийн Засаг даргын орлогч, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн дарга нартай уулзлаа.
Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулах болон томуу, томуу төст өвчний үеийн арга хэмжээг эрчимжүүлэх зорилготой энэхүү уулзалтын хүрээнд дүүргийн удирдлагууд, эмнэлгийн дарга нарт холбогдох чиглэлээр үүрэг өгсөн юм. Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа энэ үеэр 2018 оныг “Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгохтой холбогдуулан мэдээлэл хүргэсэн.
НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Нийслэлийн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/577 дугаар захирамжийн хэрэгжилт, томуугийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өгсөн бол, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн албаны дарга Д.Ганцэцэг Өрхийн эрүүл мэндийн төвийн 2017 оны гүйцэтгэлийн гэрээг дүгнэх тухай асуудалд анхаарах тал дээр нийслэл, дүүргийн удирдлагуудад товч мэдээлэл хийлээ.
Өрхийн эрүүл мэндийн төв бол иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг оршин сууж буй нутаг дэвсгэрт нь үзүүлдэг хамгийн чухал байгууллага юм. Нийслэлд нийт 133 ӨЭМТ есөн салбартайгаар ажиллаж буй бөгөөд эдгээр байгууллагын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны хяналтыг тавих, урамшуулах, хариуцлага тооцох эрхийг дүүргийн Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн дарга нарт 2017 оны А/93 дугаар захирамж, НЭМГ-ын даргын А/20 дугаар тушаалаар тус тус шилжүүлсэн байна. Тиймээс энэ өдрийн уулзалтаар дамжуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нар “Нийслэлийн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай” А/577 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, ТТТӨ-өөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, холбогдох байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, хэвтүүлэн эмчилж байгаа өвчтөний тав тухыг бүрэн хариуцаж шийдвэрлэх, зөвлөн туслах дэмжлэгт хяналтыг хуваарийн дагуу түвшин бүрт тогтмол зохион байгуулах, ТТТӨ-өөс урьдчилан сэргийлэх томуугийн эсрэг вакцинжуулалтын үйл ажиллагааг сайжруулах, зарим ӨЭМТ-ийн барилгын засвар, шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалтанд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагаатай холбоотой мөрдөгдөж буй шинэчлэн батлагдсан эрх зүйн баримтуудын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, хөнгөлөлттэй эмийн жорын асуудлыг зохицуулах зэрэг олон чиглэлээр дүүргийн Засаг даргын орлогч, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга болон Эрүүл мэндийн төвийн дарга нарт үүрэг өглөө.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )