ЦЭВЭР АГААРЫН ӨГЛӨГ, ЦАГААН ИДЭЭНИЙ ӨГӨӨЖ

2017 оны 12 сарын 22

  

Урьдчилан сэргийлье!

Улаанбаатарынхан угаар бус агаарыг л хүснэ. Аргагүй ээ, ийм байхад эрүүл амьдрахын төлөө хүн бүр хичээн өөртөө анхаарал тавихгүй бол мундаг төр, засгаа хараад ч нэмэргүй л болов уу. Хүрээлэн буй орчноос нь цэвэр агаарын өглөгийг хүртэх гэвээс хөдөөг л зорихоос өөрцгүй. Гэхдээ нийслэлийнхэн бүгд хөдөө шилжин амьдарна гэвэл худлаа. Олон арван жилийн дараа чухам яахыг бүү мэд. Бараг л тийм шилжилт болохгүй биз ээ. Тэгэхлээр Улаанбаатар орчмын агаарыг цэвэршүүлэх ажлыг өргөн фронтоор хийх, хийлгэх л амин чухал болж байна. Энэ талаар бүх шатанд ойлголт өгөх ажлыг нийгмийн эрүүл мэндийг  байгууллагынхан соён гэгээрүүлэх шугамаараа илүү хийх болж байна. Цэвэр агаар хэчнээн өгөөжтэй, өглөгийг нь хүр бүр тэгш хүртэх талаар нуршихаасаа урьд  бохир агаар , агаарын бохирдол гэж юу болохыг дурдъя.

Агаарын бохирдол гэж хүн ба бусад амьд биетээс шалтгаалсан хувилахуйн болон амин бодисууд, элдэв тоосжилтийн нөлөөнд агаар мандалын байгалийн шинж чанар өөрчлөгдөхийг хэлдэг. Агаарын бохирдлоос шалтгаалан агаарын дээд давхаргад азоны хомсдол бий болж, түүний уршгаар хүн төрөлхтөний эрүүл мэнд, дэлхийн эко системд аюул нүүрлэсээр байна. Агаар байнгын хөдөлгөөнд оршдог тул  зөвхөн нэг хэсэг орны төдий биш дэлхий хэмжээний асуудал юм.

 Агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж амьсгалын замын, зүрх судасны, төв мэдрэлийн cистемийн өвчлөл, харшлын өвчнүүд, удамшлын эмгэг, төрөлхийн гажиг, хавдар зэрэг өвчнүүдийн тархалт, тохиолдлын түвшинг ихэсгэдэг. Тэрчлэн улмаар нөхөн үржихүйн эрүүл мэндийг хордуулах (үр хөврөл гэмтэх, дутуу төрөх), хүүхдийн дархлаа, өсөлт хөгжилтийг бууруулах нөлөөтэй байдаг нь олон улсын болон манай орны эрдэмтэд, судлаачдын хийсэн судалгааны дүн харуулж байна Та бидний сэтгэлийг түвдүүлж байгаа сүрьеэ өвчинд агаарын бохирдол бас шадар нөхөр нь болж өгөх нь бий. 

Сүрьеэ өвчин нь бие махбодын хаана ч тусаж болдог боловч хамгийн их тохиолдох нь уушгины сүрьеэ юм. Яагаад гэвэл энэ өвчин амьсгалын замаар дамжин халдварладагт оршино. Бусад сүрьеэ үндсэндээ уушгины сүрьеэгээр дамжин халдварлагдсан байдаг.  Үүнд агаараар  дамжих нь их гэж ярьдаг.

Цэвэр агаарын өглөгийг хүртэхийг өөрсдөө хичээх хэрэгтэйг сануулах нь хэнд ч илүүдэхгүй ээ. Өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна өвчилсөн бол түргэн эдгэрэхэд чинь ч цэвэр агаар нэн тустай. Цэвэр агаараар амьсгалж яваа хүний биеийн эсэргүүцэл муу байх үндэслэл бага. Дархлаа сэргэхэд ч эерэг нөлөөтэй. Ийм энгийн юмыг бүгд л мэдэж байгаа ч түүнээ хэрэглээ болгох нь тун ховор тул нэгэнтээ сануулах гэсэн нь энэ. Илүүдэхгүй байх аа. Цэвэр агаартай адилаар хүнд хэрэгтэй  тэр тусмаа Монголчуудад чухал хүнс бол цагаан идээ. Бас л хүн бүр мэддэг. Гэвч одоо цагийнхан хэрэглээ хүнсээ болгохоо бараг больсонтой адил байж мэднэ. Тиймийн тулд бас л нэгэнтээ сануулах нь зөв гэлтэй. Цагаан идээний эх болсон малын сүүний талаар товчхон хүргэе.

Гүүний сүү.Амтлаг, хүчиллэг чанартай. Уушигны өвчин, үе мөч хийн өвчнийг эмчилнэ. Айрганд холестериноор хооллодог нэг төрлийн нян байдгийг илрүүлсэн байна. Мөн "цагаан гүүний" саамыг хүмүүс эмчилгээний журмаар өргөн хэрэглэдэг.

Үнээний сүү.Үнээний сүү нь сэрүүн чанартай. Буцалгаж уухад толгой эргэх, ядрах, цэртэй ханиах, уушигны архаг гэм, шарлах, чихрийн шижин, зэрэг өвчнийг эмчлэхэд тустай. Хоол шингээлтийг сайжруулж, нойр хүргэнэ. Гуч хоногийг нэг хугацааны эмчилгээ болгон өглөө бүр өлөн элгэн дээрээ үнээний 200 мл халуун сүү уувал цус, улаан бөөмийн хэмжээ нэмэгдэж цус багадах, шим тэжээл дутагдах өвчнийг анагаана. Өдөр бүр өлөн элгэн дээрээ нэг аяга халуун сүү уухад гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн хаталтыг эмчилж чадна. Ханиад болон архаг өвчинд сайн

Ямааны сүү. Мөн амьсгаадахад ууна.
Ийнхүү бидний ойрд хөндөн бичээд байгаа халдварт өвчний нэг сүрьеэгээс сэргийлэхэд цагаан идээг чухалд үзэн зохистой хэрэглээгээ болгож хэвшихийг өнөө цагийнханд сануулахад буруудахгүй биз ээ. Хэрэв хэн нэгэн тухайн өвчнөөр өвчилсөн бол айргийг  эмчилгээний дэм болгодог уламжлал бийг мартаж болохгүй. Урьд нь зарим аймагт айргийн эмчилгээ, айргийн сувилал гэж байсан. Одоо тэдгээрийг сэргээхэд болно доо.

Та бидний мэддэг атлаа үл тоодог байж  мэдэж цэвэр агаарын өглөг, цагаан идээний өгөөж нь хоршиж гэмээнэ бүр илүү үр дүнд хүрэх болно. Мөн алгуурч гэлээ болзошгүй эрсдэлд хүргэхгүй байх ч юм билүү. Эм уух , тарилга хийлгэхэд хүрэхээсээ өмнө энэ хоёрт анхааран агаарт алхан, сүү цагаа идээгээ хэрэглэхэд харамсалтай биш дээ. Энгийн амьдралд энгийн хэвшил зөв бол эрүүл явах боломж бас байна даа.


З.БААТАР


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top