Эрүүл мэндийн сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу амралтын өдрүүдэд томуугийн үеийн эмнэлгийн тусламжийн бэлэн байдалд тогтмол хяналт тавин ажиллаж байгаа. Эрүүл мэндийн яамнаас томилогдсон ажлын хэсгийнхэн дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд болон нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт ажиллалаа.
Баянгол болон Баянзүрх дүүргийн ӨЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тухайлбал Баянгол дүүргийн Эмүжин хүүхдийн эмнэлэг нь 24 цагаар тус дүүргийн хүүхдийн амбулаторийн тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд өнөөдрийн 15 цагийн байдлаар нийт 24 хүүхэд ирж үзүүлсний 3 хүүхдэд хэвтэх бичиг өгч дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэг рүү илгээсэн байна. Яаралтай тусламжийн хэсэгт ачаалал харьцангуй бага, хүлээгдэл, чирэгдэлгүй байлаа. Энэ үеэр иргэд эмнэлгүүдийн ачааллыг багасгах, ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд сурагчдын амралтыг урьдчилж эхлүүлсэн, эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох шийдвэр гаргасан нь үр дүнгээ өгч буйг эмч нар хэллээ.
Эмч, эмнэлгийн ажилтнууд цаг наргүй ажиллаж байгаа учир илүү цагийн мөнгийг Засгийн газраас бүрэн шийдсэн. БГД-ийн хүүхдийн Нэгдсэн эмнэлэгт өнөөдрийн байдлаар 190 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Амралтын өдөр шинээр хэвтсэн 5 хүүхэд. Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн жижүүр эмч Нарантуяа томуу, томуу төст өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цогц байдлаар авч хэрэгжүүлснээр тус эмнэлгийни хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт хүлээгдэл, чирэгдэлгүй, эмнэлэг хэвийн ажиллаж байгаа талаар хэллээ. Баянгол, Баянзүрх дүүргийн эмнэлэгт ор дутсан зүйл алга. Эцэг эхчүүд хүүхдээ аль болох олон хүн цугласан газраар дагуулж явахгүй байх, ханиад томуу туссан үед яаралтай гэрээр арга хэмжээ авахыг эмч нар зөвлөж байна.
Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны байдлаар, 2084 орон дээр 2368 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Харьцуулсан судалгаанаас үзвэл, амбулаторийн үзлэгээр томуу, томуу төст өвчний тохиолдол буурч, нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал тодорхой хувиар багассан үзүүлэлттэй байна.
Сэтгэгдэл ( 0 )