Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд мобайл технологи үр дүнгээ өгч байна

2018 оны 01 сарын 26

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн урилгаар манай улсад айлчилж буй ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны газрын дарга, нэр бүхий төлөөлөгчид  Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Ундрах ирээдүй” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Ундрах ирээдүй” өрхийн эрүүл мэндийн төв нь 2017 онд ЭМЯ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран Солонгосын Олон улсын эрүүл мэндийн сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон олон нийтийн түвшинд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийг хэрэгжүүлсэн.

Төслийн хүрээнд эрүүл мэндийн мобайл технологи ашиглан 1840 өрхийн 6700 иргэнийг зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэгийн үзлэгт хамруулж, 1079 хүний шинэ өвчлөлийг илрүүлж, 900 хүнийг өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад авсан байна. Үзлэгт 176 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамруулжээ.

Төслийн үйл ажиллагаа хэдийгээр төлөвлөсөн хугацаанд хэрэгжиж дууссан ч “Ундрах ирээдүй” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд харьяаллын хүн амд эрүүл мэндийн мобайл технологи ашиглан эрт илрүүлэгийн үзлэгийг үргэлжлүүлэн хийж байгаа байдалтай газар дээр нь танилцлаа. Эрт илрүүлэгийн үзлэгт хамрагдсан гэр бүлийн гишүүд “Ундрах ирээдүй” өрхийн эрүүл мэндийн төвийн үзүүлж буй эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд сэтгэл ханамжтай байлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top