Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн урилгаар манай улсад айлчилж буй ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны газрын дарга, зохицуулагч нар орон нутгийн эрүүл мэндийн салбарын тогтолцоо, үйл ажиллагаатай танилцахаар төлөөлөл болгон Төв аймгийн Эрдэнэ суманд ажиллаа.
Төв аймгийн Эрүүл мэндийн газар нь 1 нэгдсэн эмнэлэг, 26 сумын эрүүл мэндийн төв, 1 өрхийн эрүүл мэндийн төв, 77 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж, нийт 1270 эмч, эмнэлгийн мэргэжилтэн орон нутгийн 92832 хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэж байна. Аймгийн хэмжээнд эмнэлгийн тоног төхөөрөмжийн стандартын хангалт 48.5%, хүний нөөцийн стандарт хангалт 61.6% байна.
Төв аймгийн эрүүл мэндийн салбар 2017 онд нийт 14 тэрбум төгрөгийн санхүүжилтээр тусламж, үйлчилгээг хүргэснээс 2,3 тэрбум төгрөгөөр эмнэлгийн тоног төхөөрөмж, автомашины парк шинэчлэл, барилгын засвар, шинэчлэлд хөрөнгө оруулалт хийсэн нь өмнөх жилүүдэд хийгдэж байгаагүй их хөрөнгө оруулалт байлаа.
Мөн олон улсын байгууллагуудттай хамтран ажилласанаар аймгийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа сайжирсан гэж Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа танилцуулгадаа онцоллоо. Үүний нэг жишээ нь Төв аймгийн Баянчандмань суманд хэрэгжсэн “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон олон нийтийн түвшинд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийг хэрэгжүүлсэн. Тус төсөл нь орон нутгийн хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд өндөр ач холбогдолтой байсан тул 2018 онд 14 суманд тус төслийг өргөжүүлэн хэрэгжүүлэхээр орон нутгаасаа нийт 140 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн байна.
Мөн 2016 онд ДЭМБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр “Сум, баг бүрт хүрч үйлчилье” төслийн хүрээнд нийт 27 сумын 16075 хүнийг илрүүлж, эрүүл мэндийн анхан шатны болон нийгмийн халамж, хамгааллын тусламж, үйлчилгээг хүргэсэн байна. Төслийн үр шимийг хүртсэн нэг өрхийн аж байдалтай танилцлаа
Сэтгэгдэл ( 0 )