“Шүдний цоорол өвчнөөс ангижирсан цэцэрлэг” 8 дахь батламж гардууллаа

2018 оны 01 сарын 30

Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөрийн дэвшүүлсэн “Хүүхэд, өсвөр үеийнхний амны хөндийн өвчлөлгүй хот” болох зорилтын хүрээнд Хэрлэн сумын  15-р цэцэрлэгт 2018 оны 1 дүгээр сард шүдний эмч Б.Батцэцэг, С.Наранцэцэг, сувилагч С.Ариунжаргал нар ажиллаж тус цэцэрлэгийн хүүхдүүдийн шүдний цоорол өвчнийг бүрэн эмчилж эрүүлжүүлснээр “Шүдний цоорол өвчнөөс ангижирсан цэцэрлэг” болсон тул батламж олголоо.

“Хүүхэд, өсвөр үеийнхний амны хөндийн өвчлөлгүй хот” болох зорилтот ажил нь анх 2015 оны 3 дугаар сард Хан-уул цогцолбор сургууль дээр хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн кабинетыг Хэрлэн сумын Засаг даргын шууд санаачлага, дэмжлэгтэйгээр шүдний эмчилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр ханган стандартын дагуу тохижуулж, төгсөх ангийн сурагчдын амны хөндийг эрүүлжүүлэх ажил хийгдсэнээр эхэлсэн бөгөөд 2016 оноос Чойбалсан хотын алслагдсан сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн амны хөндийг эрүүлжүүлэх зорилгоор Хэрлэн сумын төсвөөс нэмэлтээр зөөврийн бор машин 1-ийг авч өгснөөр 2016 онд 2 дугаар сургууль, 11 дүгээр цэцэрлэг, 2017 онд 3, 4, 5, 7 дугаар цэцэрлэг, 2018 он гарсаар эхний 1 дүгээр сард 1 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүдийн амны хөндийг эрүүлжүүлж, нийт 7 батламж олгосон бол өнөөдөр 8 дахь батламжаа 15 дугаар цэцэрлэгт гардуулан өглөө.

Энэхүү ажлын хүрээнд  Хэрлэн сумын ЗДТГ-аас 2015 онд 25 сая төгрөг, 2016 онд 35 сая, 2017 онд 10 сая, 2018 онд 15 сая төгрөгийн санхүүжилт хийгдэж, хүүхэд, өсвөр үеийнхний амны хөндийг эрүүлжүүлэх ажил амжилттай хэрэгжиж байна.

Зорилтот ажил эхлэхээс өмнөх үеийн судалгаагаар хүүхдийн амны хөндийн өвчлөлийн тархалт 86%, эрчим 4,5 – 5,0 байсан байна. Одоогоор 1164 хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлж, эрүүл шүдтэй эрүүл хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top