“Зүрх судасны өвлийн семинар” зохион байгууллаа

2018 оны 02 сарын 07

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Зүрхний төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Зүрх судасны өвлийн семинар”-ыг 2018 оны 02 дугаар сарын 01-ээс 03-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Люксембургийн Их Гүнт Улсын санхүүжилттэй “Монгол улсын Зүрх Судасны Үндэсний Төв ба зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь МОН/006” төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү өвлийн семинарт орон нутгийн 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын зүрх судасны мэргэжлийн эмч нар, эмнэлгийн удирдлагууд болох нийт 140 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.

Жил бүрийн өвлийн семинарт оролцсон эмч мэргэжилтнүүд маань өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа ололт амжилт, зүрх судасны чиглэлээр хийсэн судалгаа, шинжилгээний ажлын үр дүн болон Олон улсад зүрх судасны эмнэлзүйн практикт шинээр нэвтэрч буй оношилгоо эмчилгээний арга аргачлалын талаар хэлэлцэн, харилцан туршлага солилцож, зүрх судасны чиглэлээр тухайн жилд төслийн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааныхаа чиглэл төлөвлөгөөг  хэлэлцэн баталдаг уламжлалтай юм.

Энэ удаагийн семинар нь 3 өдөр зохион байгуулагдсан бөгөөд эхний өдөр орон нутгийн зүрх судасны эмч нарт MnCardio сүлжээний программ дээр хэрхэн ажиллах талаар интерактив дадлага сургалт зохион байгуулж, төслийн үйл ажиллагаанд орон нутгийн эмч нарын манлайлал, үүрэг оролцоо болон цаашид хэрхэн хамтран ажиллах тухай ярилцаж, цаашдын үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг танилцуулж хэлэлцүүлсэн. Хоёр дахь өдөр УГТЭ-ийн удирдлагын баг аймгуудын нэгдсэн эмнэлгийн дарга нарыг хүлээн авч зүрхний төвийн цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, хамтран ажиллах санал солилцсон бол семинарын гурав дахь өдөр нь тус эмнэлгийн зүрхний төвийн харъяа 4 тасгийн зүрх судасны холбогдох мэргэжлийн 5 багийн эмч мэргэжилтнүүд, Дорноговь, Дорнод, Увс, Хөвсгөл аймаг болон нийслэлийн Багануур дүүргийн эмч нараас зүрх судасны чиглэлээрх боловсролын илтгэлүүдийг хэлэлцүүлж мэдлэг, туршлагаа харилцан солилцлоо.

Семинарын үеэр Зүрхний төвийн дэмжлэг санхүүжилтээр бүтээгдсэн  “Зүрхний эмгэгийн үеийн хөдөлгөөн засал” сэдэвт интерактив видео сургалтын CD материалыг 21 аймгийн өрх, сум, нэгдсэн эмнэлгүүдэд үнэ төлбөргүй олгосныг аймгийн эмнэлгийн удирдлага, мэргэжлийн эмч нарт гардуулан өглөө.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top