Сар шинийн баяраар ирсэн зочдоо юу байна, түүгээрээ дайлдаг сайхан уламжлал монголчуудад буй. Баярын өдрүүдээр ирсэн гийчдээ амттай сайхан салат, хачираар зоог барихад тань туслах зорилгоор дараах салатнуудын жорыг оруулж байна. Санаа аваад сайхан амттан бэлдэцгээгээрэй бүсгүйчүүд ээ.
1.Туна, бууцайны салатандаа эрдэнэ шиш нэмээд үзээрэй
300 гр бууцайг угааж, усыг нь сайтар сэгсэрч хэрчээд 185 гр лаазалсан туна, 1 лааз эрдэнэ шиштэй холиод нунтаг хар перец, багахан давс нэмхэд л салахын аргагүй сайхан салат бэлэн боллоо. (Хүнсний уутан бээлий өмсөөд зөөлөн хутгачихдаг)
Туна өөрөө тостой тул тос нэмж хийх шаардлага байхгүй. Хэрвээ тосгүй туна авбал дээр нь бага зэрэг оливын, ургамлын, шар буурцагын гээд өөрсдийн хэрэглэдэг тосноосоо нэмж хийгээрэй. Лаазтай эрдэнэ шишний усыг сайтар шүүнэ. Бууцайгаа хэрчилгүй урт томоор нь хийсэн ч гоё болдог шүү. Огт давс перец хийхгүй байсан ч болно. Өөр өөрсдийнхөө амталгаанд тохируулна бизээ. Хүсвэл ногоон эсвэл улаан сонгино нэмж болно. Туна их байхад дуртай бол нэмээрэй.
Энэхүү салатны эрдэнэ шишийг нь хасаад хачиртай талхны хавчуурга болгосон ч болдог.
2.Үхрийн гүзээний салат
Орц:
-Үхрийн гүзээ
-Ногоон огурцы эсвэл дарсан огурцы
-Лууван
-Улаан сонгино эсвэл ногоон сонгино
-Гүнжидийн тос
-Гүнжидийн үр
-Соя соус
-Нунтаг хар перец
Хийх арга:
Үхрийн гүзээгээ сайтар угааж цэвэрлээд битүү чанагчинд 30 минут (битүү чанагч байхгүй бол зөөлөн гал дээр таглаатай саванд 1 цаг 30 минут чанана) болгоод, хөргөөд, нарийн савхан хэлбэртэй хэрчинэ.
Огурцы, лууван, сонгиноо нарийн савхан хэлбэртэй хэрчээд бүх орцоо холиод соя соус, перец, гүнжидийн тосоор (маш бага ордог) амталж сайтар хутгаад гүнжидийн үр цацна. Хүсвэл хар перецний оронд гучугару (хатааж нүдсэн халуун улаан чинжүүний үйрмэг) хийж болно.
3.Хүрэн манжингийн салат
Винегрет гэхээр төмстэй хүрэн манжингийн салат төсөөлөгддөг шүү дээ. Энэ удаад илүү гоё амттай болдог төмсгүйг зааж өгье.
Орц:
-Хүрэн манжин
-Өндөг
-Саримс
-Майонез (тослог багатай)
-Давс
Хийх арга:
Хүрэн манжинг хальстай нь чанаж болгоод, хөргөөд, хальслаад, үрүүлээр үрнэ. Өндөгийг чанаж болгоод, хөргөөд, хальслаад, нарийн савх эсвэл маш жижиг шоо дөрвөлжин хэмжээтэй хэрчинэ. Саримсаа зориулалтын бяцлагчаар бяцлана эсвэл үрүүлийнхээ хамгийн жижгээр үрнэ. Бүгдийг холиод давс, майонезаар амталж хутгаад л бэлэн.
4.Редисктэй байцааны салат
Орц:
-Бөөрөнхий байцаа
-Редиск
-Ногоон сонгино
-Алимны венегар (ямар ч төрлийн венегар байж болно)
-Оливын тос эсвэл ургамлын тос
-Давс
-Сахар
Хийх арга:
Байцаа, редиск, ногоон сонгиныг зураг дээрх шиг нарийн савхан хэрчээд оливын тос, алимны венегар, давс, сахараа хийгээд базалгүй маш болгоомжтой зөөлөн хутгана. Зөөлөн амттай гоё салат болдог. Мах ихтэй хурц хоолтой төгс зохицоно.
5. Тахианы цээж махан салат
Сайхан салат идмээр байв ч төмс идмээргүй байна уу. Тэгвэл энэ салатыг хийгээд нэг үзээрэй тун амархан.
Орц:
-Тахианы цээж мах 1 кг
-Амтат шар чинжүү 2 ширхэг жижгэвтэр хэмжээтэй
-Ногоон огурцы 1 годгор
-Помидор 2-3 ширхэг
-Майонез
-Давс
Хийх арга:
Тахианы цээж махаа буцалж буй усанд хийж давсаар амтлан болтол нь чанаад шүүж хөргөнө. Хүйтэн усанд хийж чанавал нитгэл их гарах тул буцалж буй усанд чанаад шөлийг нь уух юмуу хоолондоо хийж ашиглаарай. Шөлөөр нь гурил зуурсан ч болно шүү дээ:) Халуун ажиллагаа ингээд л дуусаа. Бусад ногоонуудаа махтайгаа ижил хэмжээтэй хэрчээд майонезаар амталж хутгаад л бэлэн боллоо. Өөрсдийн амталгаанд тохируулан давс, нунтаг хар перец, ногоон сонгино нэмж болно. Өнгө үзэмж нэмэх үүднээс шар чинжүү ашиглалаа. Лаазалсан эрдэнэ шишээр орлуулж болно. Чинжүүгээ түүхийгээр нь хийнэ.
6.Өргөст хэмхний кимчи
Орц:
-Өргөст хэмх 2 ширхэг
-Улаан сонгино 1/2 ширхэг
-Ногоон сонгино 2 булцуу
-Саримс 2 хумс
-Жууцай 3 булцуу
-Лууван 1 ширхэг жижиг
-Соя соус 3 х/х
-Гучугару 3 х/х
-Бор эсвэл цагаан сахар 2 ц/х
-Гүнжидийн тос 3 ц/х
-Гүнжидийн үр 3 ц/х
Хийх арга:
Бүх ногоонуудаа зураг дээрх шиг хэрчээд саримсаа бяцлаад бүх амтлагчаа хийж хутгаад л бэлэн болно
7.Огурцыны салат
Орц:
-Ногоон огурцы
-Бэлэн салат амтлагч
– Оливын тос эсвэл ургамлын тос (хийхгүй байсан ч болно)
Хийх арга:
Огурцыгээ нимгэн хавтгай хэрчээд бэлэн салат амтлагчаар амтлаад л бэлэн боллоо. Хүсвэл багахаан тос нэмээрэй.
8.Үхрийн махан салат
Орц:
-Үхрийн өөхгүй мах (хонь байж болно)
-Дарсан огурцы
-Дарсан амтат улаан чинжүү
-Лаазалсан мөөг
-Улаан сонгино (цагаан байж болно)
-Чили (кетчуп, лечо байж болно)
Хийх арга:
Махаа давстай усанд зөөлөртөл нь чанаж болгоод (битүү чанагчинд бол бүр амар) хөргөнө. Бүх орцоо нарийн савхан болон нимгэн хавтгайгаар зураг дээрх шиг хэрчээд чилигээр амтлана. Та нар минь өөрсдийн амталгаандаа тохируулаад мөөгтэй лечо, чинжүүтэй лечо, кетчуптэй хутгаж болно. Мөн амтат чинжүүг заавал дарсан гэхгүй түүхийгээр нь аваад жигнэж эсвэл багахан тосонд хуурч болгоод хийж болох байгаа. Сонгины хувьд улаан сонгино түүхийгээр нь идсэний дараа амнаас үнэртэх нь хамаагүй бага байдаг. Айл бүр сар шинээр мах чанадаг тул заавал үхрийн махаар биш хонины өөхгүй махаар энэхүү салатыг хийж болно.
Гэхдээ дарсан амтат чинжүү болон чилитэй нь илүү гоё болдог;) Хүсвэл давс, нунтаг хар перец, нунтаг саримс нэмээрэй.
9.Тахианы цээж мах, амтат чинжүүтэй нийслэл салат
Орц:
-Төмс 1 кг 200 гр
-Лууван 400 гр
-Амтат чинжүү (улаан-1, ногоон-1/2, шар-1/2 ширхэг)
-Ногоон огурцы 1 ширхэг (дунд зэргийн хэмжээтэй)
-Ногоон сонгино 50 гр
-Эрдэнэ шиш 1 лааз
-Тахианы цээж мах 500 гр
-Майонез 500 гр
-Давс
Хийх арга:
Тахианы цээж махыг бага зэрэг давстай усанд чанаж болгоод хөргөнө.Сайхан салатны нууц нь төмсөө маш гоё амттай чанахад байдаг. Төмс, луувангаа арилгаад шоо дөрвөлжин хэрчиж давстай усанд чанаж болгоод шүүж хөргөнө. Салатны төмсийг хэзээ ч хүйтэн усанд сойж болохгүй.
10.Пүнтүүзний салат
Орц:
-Нарийн пүнтүүз
-Хатаасан хар мөөг
-Лууван
-Саримс (сонгино нэмж хийж болно)
-Давс
-Нунтаг хар перец
-Ургамлын тос
-Цуу
Хийх арга:
Пүнтүүз болон хар мөөгөө буцалсан халуун усанд дэвтээж болгоод хүйтэн усанд сойж шүүнэ.Пүнтүүзийг өөрийн хүссэн хэмжээгээр хуваагаад, хар мөөгийг нарийн савхан хэлбэртэй хэрчинэ.Лууванг нарийн савх хэлбэртэй хэрчих эсвэл нарийн үрүүлээр үрээд саримсаа бяцлана. Хайруулын тавагт ургамлын тосонд саримс, лууван, хар мөөгийг давс, хар перецтэй хуурч болгоод пүнтүүзэн дээрээ хийж цуугаар амтлан сайтар хутгаад бэлэн боллоо.
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Богинохон