Япон улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцооны талаар лекц уншлаа

2018 оны 03 сарын 01

2018 онд Эрүүл мэндийн салбарт “Эрүүл мэндийн даатгалыг Иргэн бүрт” уриаг дэвшүүлэн ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд тус эмнэлгийн 2018 оны 02 сарын 27-ны өдрийн эмч нарын өглөөний ярианд Япон улсын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ЖАЙКА)-ийн  Монголд  хэрэгжүүлж буй “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх” төслийн ахлах зөвлөх ноён Ямашита Мамору “Японы эрүүл мэндийн даатгалын тогтолцоо” сэдвээр сонирхолтой лекц уншиж сонордууллаа.

2016 оны 5-р сараас эхлэн хэрэгжүүлж буй “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх” төсөл нь эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын практик үйл ажиллагааны ур чадварыг дээшлүүлэх, даатгалын шимтгэлийн бүрдүүлэлт, түүнчлэн эрүүл мэндийн болон нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын талаарх зөв ойлголтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм.  

Япон улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь бүх нийтийг хамарсан даатгалын тогтолцоо бөгөөд жинхэнэ утгаараа эрсдэл хуваалцах зарчим дээр үндэслэгдсэн байдаг юм байна. Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийн төлөх шимтгэлийн хэмжээ орлогоос хамаарч өөр өөр байх хэдий ч үүнээс үл хамааран бүх иргэд тус улсын хаана ч, ямар ч эрүүл мэндийн байгууллагаас ижил чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг, орлого багатай иргэдэдээ чиглэсэн шимтгэлийн хөнгөлөлт болон өндөр үнэтэй эмчилгээнээс хөнгөлөх уян хатан зохицуулалт хийдэг, улсын ба хувийн эмнэлэг гэдгээс үл хамааран өндөр чанартай эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг, үйлчлүүлэгч олонтой эмнэлэгт эрүүл мэндийн даатгалын сангаас хөрөнгө илүү зарцуулдаг, тэр нь тухайн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийхээ ур чадварыг үнэлэх цалин урамшууллын үндсэн хүчин зүйл болдог ззэрэг туйлын оновчтой бөгөөд үр өгөөжтэй даатгалын тогтолцоо болж хөгжсөн учраас Япон улсын энэхүү даатгалын тогтолцоог хөгжиж буй орнуудад нэвтрүүлж ашиглахыг зөвлөдөг байна. Үүний зэрэгцээ тус улсын ЭМД-ын тогтолцооны нэг томоохон онцлог нь эмчилгээ, эмийн үнийн тарифийг төрөөс 2 жилд нэг удаа шинэчлэн тогтоодог бөгөөд үүний ач холбогдол нь эрүүл мэндийн нийт зардлыг тодорхой түвшинд барих боломжийг бүрдүүлэх, үнийн өрсөлдөөнөөс эмчилгээ үйлчилгээний чанарын өрсөлдөөнийг чухалчлах зэрэг олон давуу талтай.      

Бидний урилгыг хүлээн авч Япон улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцооны талаар сонирхолтой лекц сонордуулсан “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх” төслийн ахлах зөвлөх  Ямашита Мамору танд УГТЭ-ийн эмч эмнэлгийн мэргэжилтэн, хамт олныхоо нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top