ЭМЯ, ДЭМБ-ын техникийн дэмжлэг, Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан, Солонгосын иргэдийн сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2017 онд хэрэгжсэн “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон олон нийтийн түвшинд эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийн үйл ажиллагааны ололт, амжилт, 2018 онд төслийг үргэлжлүүлэн амжилттай хэрэгжүүлэхэд анхаарах сургамжит зүйлсийг хэлэлцэх туршлага солилцох уулзалтыг зохион байгуулж байна.
Төслийн хүрээнд гэрийн үзлэгтэй хослуулсан эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн мобайл технологи ашиглан явуулын хэлбэрээр үзүүлсэн нь зөвхөн Монгол улсын хувьд төдийгүй бусад улс орнуудын хувьд ч өвөрмөц бөгөөд онцлог арга барил байлаа.
2017 онд төслийн хугацаанд нийт 410 сая төгрөгийн 25 нэр төрлийн тоног төхөөрөмжийг төсөл хэрэгжүүлж буй 12 газарт хуваарилан, 45 эмч, мэргэжилтнийг танхимын сургалтад хамруулан мэргэжил, ур чадварыг дээшлүүлж, 35737 иргэнийг эрт илрүүлэгийн үзлэгт хамруулж, 17188 иргэний эрүүл мэндийн үзүүлэлтийг мэдээний санд цуглуулж, боловсруулалт хийсэн нь цаашид тухайн орон нутгийн түвшинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нарийвчлан төлөвлөх, хязгаарлагдмал нөөцийг үр дүнтэй төлөвлөн захиран зарцуулан боломжийг нээлээ.
“Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмын хүрээнд туршилтын төслийг санаачилан 2016 онд Өмнөговь аймгийн 3 сум /Номгон, Малчин, Гурван тэс/, Сонгинохайрхан дүүргийн 2 хороонд /26 болон 7 дугаар хороо/ хэрэгжүүлсэн бөгөөд 2017 онд 10 аймгийн 10 сум /Архангай аймгийн Жаргалант, Баянхонгор аймгийн Баянлиг, Булган аймгийн Тэшиг, Говь-Алтай аймгийн Алтай, Дархан-Уул аймгийн Хонгор, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Төв аймгийн Эрдэнэцагаан, Увс аймгийн Малчин, Хөвсгөл аймгийн Хатгал/, 2 дүүргийн 2 хороонд /Сүхбаатар дүүргийн 20-р хороо, Чингэлтэй дүүргийн 19-р хороо/ өргөжүүлэн хэрэгжүүлж, 2018 онд 3 аймаг, 2 дүүрэгт үргэлжлүүлэн хэрэгжүүлэх гэж байна. Цаашид энэхүү санаачилгыг дэмжин, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд эрүүл мэндийн мобайл технологийг бүрэн нэвтрүүлэх, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгийн үзлэгт ашиглана.
Сэтгэгдэл ( 0 )