Найрамдал зуслангийн орчимд халдварт хачгийн идэвхжил өндөр гарчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 20
Зоонозын өвчин судлалын төвөөс Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт байрлах Найрамдал зуслангийн орчимд хачгийн тандалт судалгаа хийж, байгалийн голомтыг тогтоох, хүн амын дунд мэдлэг, хандлагыг тодорхойлох судалгаа хийжээ. Судалгаагаар тус газарт хачгийн нягтшил нь бага байгаа хэдий ч цуглуулсан хачигт лабораторийн шинжилгээ хийхэд хачигт халдваржилтын хувь 88 хувь буюу байгалийн голомтын идэвхжил өндөр байгааг тогтоосон байна.
Найрамдал орчимд амьдардаг иргэдээс асуумж судалгаа авахад 8 хувь нь хачигт хазуулж байсан, хачигт халдварын талаар сонсч байсан гэх мэдээлэл өгсөн боловч эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар тодорхой мэдлэггүй байжээ. Иймд иргэд амарч зугаалах үедээ хачигт хазуулахаас сэргийлэх, хүүхдүүдэд хачигт хазуулахаас урьдчилан сэргийлэх тухай мэдлэг олгохыг мэргэжлийн байгууллагууд болон олон нийтэд анхааруулж байна хэмээн Зоонозын өвчин судлалын Үндэсний төвөөс мэдээллээ.

ЗӨВЛӨГӨӨ: Хачигт энцефалитаас яаж сэргийлэх вэ?
  • Хачигт хазуулахгүй байх хамгийн энгийн бөгөөд найдвартай арга бол хачигт халдварын голомттой газруудад явахдаа тод өнгөтэй битүү хамгаалах өмсгөл хэрэглэх
  • Хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж хачгийг зайлуулах
  • Хачиг үргээгч бэлдмэл хэрэглэх. Хувцсандаа түрхэх эсвэл цацах, биеийн ил хэсгүүдэд түрхэж хэрэглэх
  • Хачигт халдварын эрсдэл бүхий голомтот нутагт амьдардаг тухайн газар зорчих хүмүүс хачигт энцефалитаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол дархлаажуулалт юм. Дархлаажуулалтын гурван тунг хийлгэсэн байх шаардлагатай. Голомтот нутгийн хүн ам эхний тунг 9-11 сард хийлгээд хоёр дахь тунг 14-30 хоногийн дараа хийлгэнэ. Давтан дархлаажуулалтыг жилийн дараа хийлгэнэ.
Хачигт хазуулсан тохиолдолд авах анхны арга хэмжээ:
  • Хачигт хазуулсан тохиолдолд хачгийг болгоомжтой ганхуулж, сугалан авч, битүү саванд хийгээд шинжилгээнд хамруулах зорилгоор мэргэжлийн байгууллагад хандах
  • Хачигны тос түрхэх
  • Хачиг хазсан хэсгийн газрыг спирт эсвэл марганцийн сул уусмалаар угаах
  • Хүйтэн жин тавих
  • Эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.

 

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top