Цэвэр гар амь насыг аварна

2018 оны 05 сарын 08

Жил бүрийн 05 дугаар сарын 05-нд  “Дэлхийн гарын эрүүл ахуйн өдөр”- ийг тохиолдуулан Монгол Улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй нийт эрүүл мэндийн байгууллагын эмч,  ажиллагсад  болон ард иргэд тэмдэглэж ирсэн юм.

Эрүүл мэндийн ажилтан гарын ариун цэвэр сахих нь эмнэлгийн ажилтан болон үйлчлүүлэгч тэдний гэр бүл эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварт өртөхөөс сэргийлэх хамгийн энгийн бөгөөд хялбар арга юм.

Дэлхийн аль ч улс оронд хөгжлийн түвшингээс үл хамааран эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар бүртгэгдэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн хүндрэл, нас баралтын гол шалтгааны нэг болж, үйлчлүүлэгчийн хөдөлмөрийн чадварыг бууруулах, сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөх, хөгжлийн бэрхшээлд хүргэх, амь насанд аюул учруулахаас гадна эмнэлгийн дундаж ор хоногийг уртасгадаг, эмчилгээ үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэхэд хүргэдэг.

  Эмнэлэгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар нь дэлхий нийтэд элбэг тохиолдож байгаа бөгөөд мөч бүрт 1,4 сая хүн халдварт өртөж байна. Өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцад эмнэлгийн ажилтны гар хоруу чанар бүхий нянгаар халдварлагдан, нэг өвчтөнөөс нөгөө өвчтөнд, түүний нэг эрхтэнээс нөгөө эрхтэнд, халдварлагдсан орчноос өвчтөнд халдвар дамжуулагч гол зам болдог. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар яаралтай тусламж үзүүлж байх явцад цаг алдалгүй ажиллах шаардлагатай, ажлын ачаалал ихтэй байдгаас шалтгаалан 10 орчим хувьд нь л  гарын ариун цэврийг сахидаг байна.

Дэлхий дахинд  жил бүр 30 гаруй сая хүн эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотойгоор үжлийн халдварт өртдөг бөгөөд тэдгээрийн 6 сая гаруй нь нас бардаг байна. Жил бүр 500000 орчим нярай эндэж, төрөлттэй холбоотой эхийн 10 нас баралт тутмын 1 нь үжилтэй холбоотой байна.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой үжлийн халдвараас урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг хэрэгжүүлэхэд  гарын ариун цэвэр чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд  ДЭМБ-аас 5 дугаар сарын 5-ны өдрийг “Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой үжлийн халдвараас сэргийлэх нь Таны Гарт”  уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна.

Манай улсын хувьд 2006 онд ДЭМБ-ын дэргэдэх Өвчтөний аюулгүй байдлыг хангах дэлхийн холбоонд нэгдэн орж, 2007 онд батламж бичигт гарын үсэг зурсан. 

Эрүүл мэндийн ажилтны гарын ариун цэврийг сайжруулах чиглэлээр олон ажлуудыг хийж байна. Үүнд:

  • 2014 онд ЭМА-ны гар угаах, халдваргүйжүүлэх зааврыг ЭМС-ын тушаалаар батлуулсан.
  • Гар угаах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийх зааврыг 2017 онд А/169 тушаалаар батлуулсан.
  • Жил бүрийн 5 сарын 5 өдрийг эрүүл мэндийн байгууллагуудтэмдэглэн өнгөрүүлдэг.
  • Жил бүр эрүүл мэндийн байгууллагуудын гарын ариун цэвэр сахилтын байдалд үнэлгээ хийж байгаа хэдий ч гарын ариун цэвэр сахилт хангалттай биш байна.

Мөн эрүүл мэндийн байгууллагын хувьд эрүүл мэндийн ажилтны гарын эрүүл ахуйг сахих дадал, хандлагыг сайжруулахын тулд  тасралтгүй сургалт зохион байгуулах; дотоодын хяналт, үнэлгээ, тандалтыг үр дүнтэй хийх, эргэн мэдээллэх, ажиглалтын үнэлгээг тогтмол хийж хэвшүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, дарга, менежерүүдийн оролцоог нэмэгдүүлхийг  уриалж байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top