Жирэмслэхээр төлөвлөж байгаа хүмүүсийн анхаарах зүйлс

2018 оны 05 сарын 08

 

1. Эрүүл хооллолт

Хооллолт бол нэгдүгээрт таны хувьд, хоёрдугаарт таны тээж буй ургийн хувьд маш чухал хүчин зүйл юм. Ийм учраас та жирэмслэхээсээ өмнө хангалттай хооллож байгаа эсэхээ, эрүүл хоолны дэглэмийг сахидаг эсэхдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ талаар танд мэдээлэл өгөх олон эх сурвалжууд байна. Гэхдээ өнөө үед гараад байгаа олон төрлийн хоолны дэглэмээр толгойгоо бүү гашилгаарай. Та тэнцвэртэй хооллохын тулд 4 үндсэн хүнсний төрлийн бүтээгдэхүүнээс хангалттай хэрэглэхэд л болох нь тэр. Цагаар, тогтмол хооллох нь юу юунаас ч чухал. Өдөрт 3 удаа хооллож, дундуур нь хөнгөн чанарын зүйлсийг идэж байх хэрэгтэй. Харин хоол хүнсэндээ аль болох ногоог ойрхон байлгах тусам танд сайн. Би угаасаа л витамин уугаад нөхнө гэж хэзээ ч бодож болохгүй. Учир нь тэнцвэртэй хооллохын тулд идэхийг хүсээгүй зарим зүйлийнхээ оронд витамин ууж нөхнө гэдэг бол эндүүрэл юм. Учир нь витаминууд нь яг тухайн витамин, эрдэс бодисыг таны биед өгч чадахгүй, зөвхөн орлуулах болно.

2. Фолийн хүчил уух

Эрүүл хооллохын тулд жирэмсний өмнөх үе нь жирэмсний үетэй дүйцэхүйц чухал байдаг. Ялангуяа фолийн хүчлийн тал дээр… Та мэдээж фолийн хүчлийн талаар их, бага мэдээлэлтэй л байгаа байх, үгүй юмаа гэхэд нэрийг нь сонссон байлгүй. Гэвч жирэмсний үед ургийн хөгжилд маш чухал нөлөөтэй болох фолийн хүчлийг агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг аль болох өргөн хэрэглэх хэрэгтэй. Учир нь фолийн хүчил бол ургийн гажигаас урьдчилан сэргийлдэг, төв мэдрэлийн систем, тархи нугасны хөгжилд сайн нөлөөтэй байдаг. Ялангуяа фолийн хүчлээр баялаг элэг, ногоон өнгийн хүнсний ногоо, буурцагны төрлийн бүтээгдэхүүнийг хоол хүнснээсээ дутаахгүй байх хэрэгтэй. Жирэмсний эхний 12 долоо хоногт уух фолийн хүчлийг эмчийн зөвлөгөөгөөр уух шаардлагатай.

3. Илүүдэл жингээ хасах

Энэ бол тийм ч амархан зүйл биш гэдэг нь мэдээж. Үнэхээр хэцүү байдал. Илүүдэл жингээ хасах, жингээ хэвийн барих… гэвч жирэмслэх явц болон жирэмсний дараачийн үеийг бодоод та одооноос илүүдэл жингээсээ салах хэрэгтэй. Энэ нь таны жирэмсэн байхыг үеийг илүү хөнгөвчилж, хөнгөн төрөх явцад бэлтгэх болно. Төрсний дараа эмэгтэйчүүд хуучин жиндээ эргэж орох гэж нэлээн зүдэрдэг тул та анхнаасаа жингээ өөрийн хяналтандаа байлгаж чадваас энэ асуудалд автахгүй болно. Учир нь илүүдэл жинтэй байх нь таны нуруу нугасанд ачаалал өгч, энэ нь улмаар нас ахих тусам таныг зовоох бас нэгэн асуудал болон хувирах магадлалтай.

4. Дасгал хийж эхлэх

Хэрвээ та ээж болохоор шийдсэн цагаасаа л өөрийн илүүдэл жин, эрүүл мэндэд анхаарвал таны жирэмсний үе болон төрөлт тань төдий чинээ амархан, хөнгөн байна гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэгээд ч та хуучин хэвэндээ богинохон хугацаанд эргэн орох боломжтой. Энэ байдлыг харгалзан үзэж, жирэмслэхээсээ өмнө та тодорхой дасгалуудыг хийж хэвших нь танд илүү их дөхөмтэй байх болно. Өдрийн туршид ялангуяа нуруу, бэлхүүс, гэдэсний булчинг ажиллуулах хөнгөн чанарын дасгалуудыг хийж эхлэх нь зүйтэй.

5. Тамхинаас гарах

Архаг тамхичдын “яаж гарах билээ дээ” гэхийг бараг л би сонсох шиг болж байна. Мэдээж их тамхи татдаг хүний хувьд тамхинаас даруй гарах нь хэцүү асуудал. Гэхдээ та үүнийг төрүүлэх гэж буй үрийнхээ төлөө хийж буй сайн хэрэг гэж бодвол тамхинаас салах нь танд тимй ч хэцүү санагдахгүй байлгүй. Учир нь жирэмсэн эмэгтэй хүний асаах тамхи бүр нь хэвлийдээ тээж буй хүүхдийнх нь агаараас хулгайлж байдаг. Судалгаанаас үзэхэд тамхи татдаг эхчүүдээс төрсөн хүүхэд, бусад эхчүүдээс төрсөн хүүхэдтэй харьцуулахад жин багатай, сул дорой байдаг нь нотлогджээ. Мөн ийм эхчүүдээс төрсөн хүүхэд нь амьсгалын замын халдьарт өвчинд хэт мэдрэг байдаг байна. Өөрийн үеийнхэнтэй нь харьцуулахад хурдан өвчилдөг болох нь ажиглагджээ. Бас нэг өөр зүйл бол хэвлийд байхад нь эх нь тамхи татдаг байсан хүүхдүүдэд гэнэтийн үхэл бусад хүүхдүүдтэй харьцуулах их байдаг нь ажиглагджээ. Мөн төрөх явцыг хүндрүүлэх, төрсний дараа цэвэрших явцад эхийн сүүний хэмжээг багасгах нөлөөтэй байдаг байна. Хэрвээ тамхинаас бүр мөсөн гарч чадахгүй гэвэл ядаж л нэг өдөрт татдаг тамхиныхаа тоог 10-аас доош буулгах, тамхи татаж буй хүний дэргэдээс хол байхад илүү их анхаарах хэрэгтэй.

6. Жирэмслэлтээс хамгаалахаа зогсоох

Та ээж болохоосоо өмнө жирэмслэхээс хамгаалах ямар нэгэн аргыг хэрэглэдэг байсан бол мэргэжлийн эмчид хандаж энэ талаар зөвлөгөө авах хэрэгтэй. Мэргэжлийн эмчийн өгсөн зөвлөгөөний дагуу хэдийд жирэмлэхээс хамгаалах арга барилаа зогсоож, хэдийнээс жирэмслэх явцыг эхлүүлэх тухай тодорхой мэдээллийг авах нь зүйтэй. Учир нь жирэмслэхээс хамгаалах зарим арга барил нь тодорхой хугацаа шаарддаг ба энэ хугацааг хүлээхгүй бол таны үр хүүхдэд хор нөлөөтэй байх талтай. Жишээ нь жирэмслэхээс хамгаалах эм уудаг байсан хүний хувьд энэ эмийг орхисноос нэг, хоёр сарын дараа жирэмлэх нь зүйтэй гэж үздэг.

7. Топсоплазмын шинжилгээ өгөх

Та амьтдад хайртай, гэртээ муур тэжээдэг бол жирэмслэхээр шийдсэн үедээ таны хийх ёстой хамгийн эхний алхам бол муураа гэрээсээ холдуулах бус, түүнд топсоплазмын шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Учир нь муурны ялгадаснаас халдварлах аюултай топсоплазм нь жирэмсний явцад үрэвсэл үүсгэж, хэвлий дэх үрд тань халдварлах аюултай байдаг. Хэрвээ эхийн сав хэсэгт халдварлавал хүүхдэд маш хор нөлөөтэй. Иймээс та муурандаа уг шинжилгээг хийлгэж, ямар нэгэн халдварт нян илрээгүй ч гэлээ, аль болох муурны ялгадасанд гараа хүргэхгүй байх талаар маш сайн анхаарах нь чухал.

8. Вакцин хийлгэх

Жирэмслэхээсээ өмнө та өөрийгөө вакцинд хамруулах талаар бодох хэрэгтэй. Учир нь дархлаажуулалтын вакцин нь таныг болон хэвлийдээ тээх гэж буй үрийг тань аюулт өвчнөөс хамгаалах давуу талтай. Жирэмсний явцад болон төрөх явцад халварт өвчин нярай хүүхдэд халдварлах эрсдэлтэй. Ийм учраас та жирэмслэхээсээ өмнө Гипатет Б, улаан бурхан, сахуу татранга өвчний эсрэг дархлаажуулах вакциныг урьд өмнө нь хийлгэж байгаагүй бол мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу вакцинд хамрагдах нь зүйтэй.

9. Ууж буй эмэндээ анхаарах

Хэрвээ та жаахан толгой өвдөхөд л эм шүүрч авдаг нэгэн бол энэ тал дээр жаахан анхаарах хэрэгтэй болж байна. Учир нь эхчүүдийн хувьд жирэмслэхээс өмнө хэрэглэж байсан эмэндээ хүртэл анхаарах үе гардаг. Хэрвээ та жирэмсэлсэн байх магадлалтай бол зайлшгүй эмчийн зөвлөгөөний дагуу эм хэрэглэх нь чухал. Аль болох өвчнийг тэсвэрлэн өнгөрүүлж, эм хэрэглэхээс зайлсхийх нь танд тустай. Учир нь мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар жирэмсний эхний үед уусан эмний нөлөө нь эхсээр дамжин ургийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг болохыг эхчүүдэд анхааруулж байна. Эмчид очих бүртээ жирэмсэн болсон байх магадлалтай гэдгээ эмчдээ заавал хэлж байх хэрэгтэй.

10. Ажлын орчиндоо анхаарах

Таны ажлын орчин, нөхцөл жирэмслэлтэд тань нөлөөлж болохыг анхааралдаа авах хэрэгтэй. Таны ажил дээр хүмүүс их хэмжээгээр тамхи татдаг бол өөрийн эрүүл мэнд, жирэмслэлтийнхээ явцыг бодолцон өөрийн зүгээс зарим урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахуулахаар удирдлагатайгаа энэ талаар ярилцах нь зүйтэй. Мөн түүнчлэн та радио идэвхит туяа, химийн хий ил задгай байдаг газар ажилладаг бол энэ байдлаас өөрийгөө хамгаалах эсвэл даруй холдох нь таны хувьд хамгийн зөв алхам болно.

11. Эмчийн хяналтанд орох

Жирэмсэн эхийн хувьд харьяа дүүргийнхээ эсвэл найдвартай гэж үзсэн хувийн эмчийн байнгын хяналтанд орох нь эхийн болон ургийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс хамгийн эхний бөгөөд чухал алхам юм. Учир нь эрүүл жирэмслэлтийн явцыг туулж өнгөрүүлэхийн тулд эх маань өөрөө эрүүл саруул байх ёстой. Жирэмсний эхний гурван сардаа багтан та эмчийн бичиж өгсөн шинжилгээнүүдийг өгч, хяналтанд хамрагдах ёстой. Харин та жирэмслэхээсээ өмнө өөрийн эрүүл байгаа эсэхийг шалгахын тулд уг шинжилгээнүүдийг өгөх нь хамгийн найдвартай арга. Учир нь ямар нэгэн шинжилгээний хариу муу гарсан тохиолдолд та сайн эмчилгээ хийлгэх боломжтой болно. Жирэмсэн эхэд хийх эмчилгээ нь урагт нөлөөлөхөөргүй хөнгөн, хязгаарлагдмал байдаг болохоор жирэмслэхээсээ өмнө өөрийн биед ямар нэгэн өвчин эмгэг байгаа эсэхийг тодорхойлуулж сайн эмчилгээ хийлгэх нь хувь хүний эрүүл мэндэд болон эрүүл хүүхэд төрүүлэхэд анхаарах хамгийн анхны алхам байх болно.

Эх сурвалж: Өргөө амаржих газар


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bibli(64.119.27.156) 2018 оны 05 сарын 07

IREEDUI BOL BURHAN

0  |  0
too(64.119.27.156) 2018 оны 05 сарын 07

BURHAN HUNIIG TAAMGAAR TOVLOJ TORUULDEGGUI

0  |  0
Top