“Цусаа бэлэглэе” аянд нэгдээрэй

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 09

Та цусаа бэлэглэсэн үү? Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос “Цусаа бэлэглэе” сайн үйлсийн аянг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Аяны хүрээнд олон нийтийг цусаа бэлэглэх аянд нэгдэж, “алтан” донор болон улмаар олон арван эрдэнэт хүний амийг аврахыг уриалж байгаа юм. Учир нь хүмүүс “Цусаа бэлэглэе” гэсэн уриалгад нэгддэг ч бэлэглэсэн цус нь чухам ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг тэр бүр мэддэггүй. Тэгвэл зарим нэг тоо баримтыг дурдъя. Түлэгдэлтийн улмаас жил бүр 1000 гаруй донорын цусны хэрэгцээ бий болдог бол төрөхийн хүндрэлийн үед цус алдсан ээжүүдэд 5000 нэгж цус шаардлагатай болдог аж. Түүнчлэн осол гэмтлийн үед 5000 гаруй донорын цусны шаардлага үүсч, нэг хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засалд 100 хүнээс бэлэглэсэн цус хэрэглэдэг байна.

Мөн өөр нэг баримт сануулахад, манай улсын нийт гурван сая гаруй хүн амын 15 хувь нь цусаа хандивласны дараа цусны бүх хэрэгцээг хангаж, эмч, эмнэлгийн байгууллага болон яаралтай тусламж хэрэгтэй өвчтний алтан амийг аврах боломж бүрдэх ажээ. Өөрөөр хэлбэл, нэг хүний бэлэглэсэн цус гурван хүний амийг авардаг бөгөөд энэ нь мөнгөөр үнэлж баршгүй том тус юм. Үүнээс гадна өнөөдөр цус, цусан бүтээгдэхүүн дутагдсанаас дэлхий дахинд 500 мянга гаруй хүн амь насаа алддаг гэсэн харамсалтай мэдээ бий. Иймд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон “Цусаа бэлэглэе” аянг орон даяар зохион байгуулдаг билээ. Энэ удаад аяны нээлтийг Улаанбаатар хотод 2018 оны тавдугаар сарын 11-ний 08:30 - 13:30 цагийн хооронд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Аяны нээлт Баянзүрх Цус хандивлах төв буюу Хоёрдугаар эмнэлгийн хажууд байрлах “Цус сэлбэлтийнн үндэсний төв”-ийн шинэ байранд болох юм. Тиймээс залуучууд та бүхнийг аянд идэвхтэй оролцож, цусаа бэлэглэхийг уриалж байна.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top