“Артерын даралт ихдэлттэй тэмцэх Дэлхийн өдөр”-ийг энэ сарын 19-нд Гэрэлт гудамжинд тэмдэглэнэ

2018 оны 05 сарын 18

“Артерын даралт ихдэлттэй  тэмцэх  Дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан “Эмэгтэйчүүдийн Бриллиант клуб” ТББ болон “Монос фарм трейд” ХХК, АШУҮИС-ийн “Зүрх судасны клуб” хамтран “Артерын даралтгүй иргэдийн төлөө” хүмүүнлэгийн аян зохион байгуулах гэж байна. Уг аян энэ сарын 19-нд 12.00-18.00 цагийн хооронд  Гэрэлт гудамжинд болно.

Энэ үеэр иргэдийн даралтыг үнэгүй үзэж, даралт ихсэх өвчнийг эрт илрүүлэх үзлэг хийж,  артерийн даралт ихдэлтийг оношилно. Амьдралын хэв маягыг өөрчлөх, болон урьдчилан сэргийлэх,  даралтаа хэрхэн хянах талаар иргэдэд нээлттэй зөвлөгөө өгөх юм.

Мөн энэ өдөр эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийж  сахар тодорхойлон эрүүл мэндийн зөвлөгөө өгч, аливаа өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийх ажээ.

Хөгжиж буй орнуудын халдварт бус өвчлөлийн 2/3 -ийг артерын гипертензи эзэлдэг бөгөөд зүрхний шигдээс, тархинд цус харвалт залуужиж  цаг бусаар нас барах тохиолдол нэмэгдсээр байгаа. Дэлхий нийтийн артерийн дарал ихдэлттэй хүмүүсийн  45 хувь нь энэ өвчнөөр өвчилсөн гэдгээ мэддэггүй явдаг байна.  Манай улсын нийт хүн амын 27 хувь нь артерын даралт ихдэлттэй байдаг. Тэдгээрийн 72 хувь нь эмчилгээнд хамрагддаггүй, артерийн даралт бууруулах эм хэрэглэдэггүй байна. Мөн нийт нас баралтын 28,4 хувь нь артерийн даралт ихдэлтийн хүндрэлээс болсон байдаг аж.  Тиймээс артерын даралт ихдэлт болон түүний хүндрэл нь өнөөгийн нийгэмд нэн тулгамдаж буй асуудлын  нэг учир “Монос Фарм Трейд” ХХК болон “Эмэгтэйчүүдийн Бриллиант клуб” ТББ, АШУҮИС-ийн “Зүрх судасны клуб” хамтран  “Артерын даралтгүй иргэдийн төлөө” хүмүүнлэгийн  аяныг  жил бүр хэрэгжүүлэхээр зорьж байгаа ажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top