134 ЕБС-ийн бага ангийн бүх багш амны хөндийн эрүүл мэндийн хичээл заахад бэлтгэгдлээ

2018 оны 05 сарын 30

Манай улсын хүн амын дунд сүүлийн үед эрчимтэй тархаж байгаа шүд цоорох өвчин нь ихэвчлэн бага насны хүүхдийг түлхүү хамарч байгаа нь тулгамдсан асуудлын нэг болж байна. Олон улсад зонхилон тохиолдох өвчний жагсаалтад Улаанбаатар хотын хүн амын шүдний өвчлөл 5-р байрт жагссан байдаг. Амны хөндийн өвчлөл нь зүрх судас, бөөр, хоолойны ангина гэх мэт бидэнд элбэг тохиолдох өвчний суурь болдог. 2015 онд хийсэн “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээгээр нийслэлийн хэмжээнд 5-6 насны хүүхдийн шүдний цоорлын тархалт 76,1 хувьтай байгаа нь шүд цоорлын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, эмчилгээ зэрэг нь хангалтгүй түвшинд байгааг харуулсан.

Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг батлуулахаар ажиллаж байгаа юм. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт “Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүлжүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулна” хэмээн тусгасан билээ. Энэ дагуу  бага насны хүүхдийн амны хөндийг эрүүл байлгах асуудалд ихээхэн анхаарч сургалт, сурталчилгааг өргөжүүлэн, эрүүлжүүлэх ажлыг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгуулага, бусад хамтрагч байгууллагатай хамтран ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн Боловсролын газар, АШУҮИС-ийн харьяа Нүүр ам судлалын сургууль болон “Гүүд нэйборс” олон улсын  байгууллагатай хамтран хүн ам, тэр дундаа хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн талаархи мэдээлэл сургалтыг насны онцлогт тохируулан тогтмол явуулах, тэдэнд амны хөндийн эрүүл мэндийг зөв сахих аргад сургах, хоол хүнсний зүйлийг зөв зохистой сонгон хэрэглэх дадал заншилтай болгох зорилгоор “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт цуврал сургалтыг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд ЕБС-ийн 1-5 дугаар ангийн багш, сурган хүмүүжүүлэгчдээр дамжуулан бага насны хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагч нарт  амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгоход чухал ач холбогдолтой гарын авлагыг бэлтгэн, багш нарыг тус гарын авлагаар бүрэн хангалаа.

2017 оны 11 дүгээр сараас эхлэн үе шаттайгаар зохион байгуулсан сургалтын үр дүнд багш нараар дамжуулан сурагчид болон эцэг эх, асран хамгаалагч нарт амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгож, хүүхдүүдэд үдийн цайгаа уусны дараа шүдээ угаах нөхцлийг нь бүрдүүлж өгчээ.

Ийнхүү нийслэлийн хэмжээнд төрийн өмчит 134 ЕБС-ийн бага ангийн бүх багш амны хөндийн эрүүл мэндийн хичээл заахад бэлтгэгдээд байна.

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top