Угжны буруу хэрэглээнээс болж хүүхдийн шүд маш ихээр гэмтдэг

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 30

Бага насны хүүхдийн эрүүл мэнд эцэг эх, асран хамгаалагчийн зөв асаргаа, арчилгаанаас ихээхэн хамааралтай. Амны хөндийн ариун цэвэр эрүүл мэндийн чухал хэсэг билээ, тэгвэл эцэг эхчүүд маань хүүхдээ эрүүл саруул торниулахын тулд хүүхдийн шүд арчилгааг зөв хийх хэрэгтэй. Ингээд хүүхдийн шүд арчилгааны бүрэн зөвөлгөөг толилуулж байна.


1. Соскийг нэг ой хагасаас цааш хөхүүлбэл нүүрний хэлбэрт нь өөрчлөлт оруулах магадлалтай.

Соск хөхөхөд амны хөндийд гардаг өөрчлөлтүүд хуруугаа хөхдөг зуршилтай хүүхдэд гардагтай ерөнхийдөө адил байдаг. (Шүдэнд завсар үүсэх, буруу зуулттай болох гэх мэт) Хүүхэд хэдий чинээ удаан соск хөх тусам төдий чинээ өөрчлөлт үүсэх магадлалтай. Хүүхэд соск хөхөж эхэлснээс 18 сарын дотор өөрчлөлт үүсэх нь бага, харин 36 сарын дотор илэрхий өөрчлөлт ажиглагддаг аж. Хүүхдээ 18-36 сартайд нь соск хөхүүлэхэд буруутах зүйлгүй боловч үүнээс хойш аль болох хэрэглүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Сүүлийн үед хоёр нас хүртэл хүүхэд соск хөхөж болно гэж байгаа боловч эртхэн болиулах тусмаа сайн.

2.Сүүн шүд нь ургаж эхэлмэгц шүднийх нь ариун цэвэрт анхаар

Хамгийн энгийн арга бол хуруундаа марли ороож байгаад буцалсан бүлээн усанд дүрж шүдний өнгөрийг арилгаж өгөх. Хүүхдийнхээ шүдийг зургаан нас хүртэл эцэг эх нь өөрсдөө угааж өгч байх хэрэгтэй. Мэдээж хэрэг хүүхэд тань хэдий чинээ багаасаа өөрөө шүдээ угааж сурах нь зөв. Мөн аав ээжийгээ даган дурайн угаах дадалд суралцуулах нь зүйтэй. Ингэхдээ хүүхдэд зориулсан оо, сойз хэрэглэнэ. Хоолны давтамж чухал болохоор ойр, ойрхон чихэр идүүлэхгүй байх, идэхийг хүссэн үед нь сайн идүүлэх, дараа нь шүдийг сайн угааж өгөх, боломжгүй бол ус уулгаж эсвэл амыг нь зайлуулж хэвшүүлбэл их сайн. Шүд цоорч эхэлж байвал цооролт зогсоох түрхлэг түрхүүлээрэй бас араа шүд нь ургаж буйлнаас чөлөөлөгдвөл тэр дор нь цоорлоос хамгаалах түрхлэг түрхүүлэх хэрэгтэй. Ер нь байнга шүдний эмчид үзүүлж тухайн хүүхдэд тохирсон эмчилгээ хийлгэж байнгын хяналтанд байлгахыг зөвлөж байна.

3. Сүүн шүд удаан ургах нь эмзэглэх асуудал биш

Эрүү, хоншоорт тус бүрт 10 нийтдээ 20 сүүн шүд байдаг. Хүүхдийг 6-8 сартай байхад анхны сүүн шүд ургаж эхэлдэг ба 2 нас 6 сартайд бүх шүд нь ургаж дуусдаг. Эхний шүд удаан гарах нь эмзэглэх ноцтой зүйл биш. Мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн хүүхдэдээ хангалттай амин дэм, эрдэс бодис агуулсан хоол тэжээл өгч байхыг анхааруулья. Сүүн шүд 5-6 наснаас эхлэн 13 нас хүртэл нь солигдоно. 15 нас гэхэд байнгын шүдний эгнээ бүрэн хэлбэржинэ. Энд анхаарах чухал зүйл бол 5-6 насанд шүд уналгүй хамгийн түрүүнд гарч ирдэг байнгын 1-р их араа шүд юм. Бага насанд нь гарч ирдэг учраас эцэг эхчүүд сүүн шүдтэй андуурдаг.

4. Зaжилж иддэг хоол хүнс шүлс ихээр ялгаруулж амны хөндийг цэвэр болгодог.

Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хоол хүнсний хэрэглээг зохицуулах, ба хянах нь маш чухал. Үүнд, Сахарозоос эхлэн бүх төрлийн сахар агуулсан хоол хүнсийг үндсэн хоолноос гадна хоол хоорондын амттандаа хэрэглэх нь шүд цоорох өвчнийг ихэсгэдэг тул хоол хоорондын амттанг хэрэглэх хэрэглээний давтамжийг бууруулахыг хичээгээрэй. Сахар агуулсан хоол хүнсний дотроос наалдамхай, бөөгнөрч хуримтлагдах шинжтэй хоол хүнс нь шүд цоорох өвчнийг нэмэгдүүлэх тул хоол хоорондын амттаны төрлүүдээс аманд үлдэж, шүдэнд наалдахдаа хялбар амттанаас татгалзах. Зажилж идэх хоол хүнс нь шүлс ялгаруулж, шүдний гадаргууд өөрөө цэвэрших үйлчлэл үзүүлдэг тул хатуулаг хоолыг сайн зажилж идэх хэрэгтэй. Чихэрлэг хоол хүнсийг идэж уусны дараа амаа усаар зайлах буюу сахаргүй бохь зажлуулж болно. Унтах үед шүлсний ялгарах хэмжээ багасах учир орондоо орохын өмнө амттан болон чихэрлэг амттай уух юмнаас аль болох татгалзах

5. Угжны буруу хэрэглээнээс болж шүдний эрт үеийн цооролт үүсдэг.

 

Угжны цоорол гэдэг нь /nursing bottle caries/ хүүхдийн буруу хөхөх дадал өөрөөр хэлбэл бор хоолонд орсон үед удаан хугацаагаар сүү болон чихэртэй шингэнээр угжсанаас үүсч байгаа шүд цоорох өвчний хүнд хэлбэр юм. Энэ үед тэр болгон цооролд өртдөггүй хоншоорын үүдэн шүдний уруул талын гадаргаас эхэлж шүдний бүх гадаргууг нилэнхүйд нь нэг зэрэг хүнд хэлбэрээр гэмтээдэг. Сүүлийн үед угжны цоорол гэж нэрлэхээ больж хүүхэд насны эрт үеийн цоорол буюу early childhood caries гэж нэрлэх болсон. Эмчийн хяналтад оруулан эмчлүүлэх шаардлагатай.

6. Хумсаа хэмлэх, шүдээ хавирах буруу зуршлаас болж амны хөндий өвчилдөг.

Хуруугаа хөхөх уруулаа хазах, хумсаа хэмлэх зэрэг буруу зуршлаас болоод хүүхдийн амны хөндий, хэл ярианд олон янзын өөрчлөлт үүсч болно. Тухайлбал, шүдний эгнээний өөрчлөлт үүсэх боломжтой. Үүнд шүд орсгой болох, эрүү шаамий болох, тагнай гүн болох мөн уруулын гадна талын арьс салст хуурайшиж гэмтэх гэх мэт гэмтэл үүсдэг.

7. Хүүхдийн шүдийг хэрхэн угаах вэ?

Та хүүхдээ шүдээ угаасны дараа хянаж, дутуу угаасан үед гүйцээн угааж өгнө. Харин өөрөө шүдээ цэвэрлэж чадахааргүй балчир хүүхдийг хөвөн самбайгаар хуруугаа ороон буцалсан бүлээн усанд норгон үүдэн шүдийг цэвэрлэж өгнө. Хөвөн савх хэрэглэх арга ч бас байдаг. Үүний дараа аманд шүдний сойзыг бага багаар хэрэглэх байдлаар хүүхдийг дасгаж эхэлнэ. Асран хамгаалагч нь сууж, хүүхдийн толгойг өвөр дээрээ байрлуулан сойзоор шүдийг нь угааж өгнө (хэвтүүлэн угаах арга). Энэхүү хэвтүүлэн угаах байрлал нь шүдийг зөв угаах, шүдийг хянах боломжийг бүрдүүлэхээс гадна хүүхдийг шүдээ үзүүлэх байрлалд хэвшүүлэх, дасгахад сайнаар нөлөөлдөг. Хүүхэд өөрөө шүдээ угаах дадал хэвшилтэй болно. Унтахын өмнөх угаалт үр дүнтэй болдог. Асран хамгаалагч нь хүүхдийг шүдээ угаасны дараа хянаж, дутуу угаасан үед гүйцээн угааж өгнө. Энэ үед ажиллахад хялбар байлгахын тулд хүүхдийн толгойг хөдөлгөөнгүй байлгах нь чухал юм.

8. Хүүхдэд ямар төрлийн оо, сойз хэрэглэх нь зүйтэй вэ?

Шүд арчлах хэрэглэгдэхүүнд шүдний сойз, шүдний оо, шүдний завсар цэвэрлэгч сойз, шүдний утас, чигчлүүр мод, ам зайлах, цэвэрлэх уусмал зэрэг орно.

Шүдний сойз: Шүдний сойзыг зөв сонгон авахын тулд сойзны толгой, үс, иш гэсэн үндсэн хэсгийг үндэслэн сонгоно. Сойзны толгой: Тухайн хүний дээд үүдэн 2 шүдний хэмжээтэй тэнцүү байх нь хамгийн тохиромжтой. Том толгойтой сойз нь талбай ихтэй, аманд хөдлөх, угаах зай бага байдаг тул шүд бүрийг сайн угаах боломжгүй байдаг. Харин сойзны толгой жижиг байх тусам аманд чөлөөтэй хөдлөх, шүд бүрийг угаах боломжтой байдаг.                                                                   

Сойзны үс: Сойзны үсийг хатуу, зөөлөн, ердийн гэж ангилдаг бөгөөд үсний хатуулаг нь үсний диаметрээс хамаардаг. Үсний эгнээ нь 2-3 эгнээ байх нь тохиромжтой байдаг. Шүдний сойз нь балчир, сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн гэх мэтчилэн нас, насанд нь тохирсон хэмжээ, хэлбэртэй байдаг бөгөөд үүнээс сонгож хэрэглэх нь зүйтэй. Шүдний оо: Шүдний оог дотор эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх үрэвслийн эсрэг үнэр дарагчтай хүүхдийн оо гэж ангилна. Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхэд фтортой оог хэрэглэх нь үр дүнтэй                                                      

Шүд хоорондын завсар цэвэрлэх утас: Шүд хоорондын завсар цэвэрлэх утсаар сойз хүрэхгүй түшилцэх гадаргууг цэвэрлэх зорилготой хэрэглэдэг юм.

9. Сүүн шүдийг эрт авахуулснаас шүд эрүүний гажиг үүсч болно.

Шүд цоорох өвчин зэрэг шалтгаануудын улмаас шүд унах хугацаанаасаа эрт сүүн шүдээ алдах нь шүдний эгнээ зуултанд муу нөлөө үзүүлдэг. Үүний гол нөлөө нь зай багассанаас дараагийн шүдлэх байнгын шүдний байрлалын гажгийг үүсгэнэ. Ялангуяа 1-р их араа шүд шүдлэсний дараа сүүн араа шүдийг эрт алдах нь байнгын хажуугийн шүднүүдийн эгнээний гажгийг үүсгэх шалтгаан болдог. Иймээс эмчийн хяналтанд орж, сүүн шүдний өвчлөлийг эмчлүүлэн байнгын өөрийн жамаар унагах нь зүйтэй.

10. Анхны шүд цоорлын нянг хүүхэд ээжээсээ шүлсээр дамжуулан авдаг.

Гэр бүлийн гишүүдийн шүд эрүүл, тэр дундаа эхийн шүд эрүүл байх нь хамгийн чухал. Анхны цоорлын нянг хүүхэд голчлон шүлсээр дамжуулж эхээсээ авдаг. Хүүхдийн соскийг амандаа хийх, хоолыг амнаасаа дамжуулж өгөх нь хамгийн буруу зүйл. Үүнийг гэр бүлийн гишүүд бүгд мэддэг байх ёстой. Эх жирэмсэн үеэсээ л шүдний эмчийн хяналтанд орж амны хөндийгөө эрүүлжүүлэх хэрэгтэй.

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top