Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа санаачлан “Эрүүл шүд Эрүүл хүүхэд” уриан дор Баянгол дүүргийн 16, 17, 18, 19-р хорооны 3-12 насны 1000 хүүхдэд амны хөндийн үзлэг хийж, шүдний өвчлөлийг үнэ төлбөргүй оношлон, картжуулж, эцэг эхчүүдэд шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч байна.
Энэхүү ажлын хүрээнд явуулын шүдний лабораториор БГД-ийн 242, 11, 198-р цэцэрлэг, Оюуны ундраа цогцолбор сургууль, 47 дугаар сургуулийн бага ангийн сурагчдыг мөн хамруулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийт 600 гаруй хүүхэд тус үзлэг, оношлогоонд хамрагдаад байна. Ирэх намраас дахин үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Мөн амны хөндийн үзлэгт хамрагдсан 1000 хүүхдийн шүдний өвчлөлийг судалгааг боловсруулах ажлыг эхлүүлэх аж.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Шүдний өвчлөл нь маш олон өвчний эх үүсвэр болдог. Тэгэхээр хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалахад бид хамгийн түрүүнд шүднээс нь эхлэх ёстой юм. Миний бие энэ ажлыг санаачлан өөрийн сонгогдсон тойрог болох БГД-ийн 16, 17, 18, 19-р хорооны цэрэрлэгийн насны болон сургуулийн бага ангийн хүүхдүүдийн амны хөндийн үзлэг хийж, шүдний өвчлөлийг оношлогоонд хамруулж байна. Өнгөрсөн долоо хоногт цэцэрлэгийн насны 300 гаруй хүүхдэд үзлэг хийхэд 100 хүүхэд тутамд гурван хүүхэд л цоо эрүүл шүдтэй байна. Бидний анхааралдаа авах чухал асуудлын нэг болсон гэдгийг энэ судалгаа харуулж байна” хэмээлээ.
ДЭМБ-аас 2000 онд шүд цоорох өвчнийг олон шалтгаант халдварт өвчин хэмээн халдварт өвчний ангилалд оруулсан байна. “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд хийгдсэн судалгаанаас үзэхэд сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 2011 оны байдлаар 65-96 хувьтай байжээ. өнөөдөр ч энэ тоо буураагүй болох нь 2018 онд 1190 хүүхдийн дунд явуулсан судалгаанаас харагдаж байна. Тус судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчний тархалт 86.2 хувьтай, шүд цоорох өвчний эрчим 6.2 цла/ш буюу ДЭМБ-ын байгууллагын шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд өндөр түвшинд байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )