Ургамлын тоосны харшлаас сэргийлэх аргууд

2018 оны 06 сарын 11

 

Ургамлын тоосны харшил гэж юу вэ? 

Ургамлын тоосны шалтгаант харшил нь ургамлын тоосны нөлөөгөөр хүний дархлалын систем хэт мэдрэгшиж, хүчтэй хариу урвалаар илрэх үзэгдэл юм. Хот суурин газрын хүн амын дунд шарилж, лууль болон бусад хөл газрын ургамлуудын цэцгийн тоосны шалтгаант амьсгалын замын харшил түгээмэл тохиолдож байна.

Улаанбаатар хотод амьсгалын замын харшилтай хүмүүсийн 68.3 хувь нь шарилж, лууль, согоовор, ерхөг, хус, улиас зэрэг ургамлын тоосны шалтгаант харшилтай байна.

Ургамлын тоосны харшил хэзээ идэвхиждэг вэ?

Шарилж, луулийн төрлийн ургамлууд 6-р сарын сүүлээс 8-р сарын дунд хүртэл цэцэглэн, агаарт тоосжилт нэмэгдсэнээр хүн амын дунд ургамлын тоосны шалтгаант харшил үүсэх нөхцөл бүрддэг бөгөөд энэ үе нь эрүүл мэндэд хамгийн эрсдэлтэй.

Ургамлын тоосны харшлаас сэргийлэх боломжтой юу?

Эдгээр ургамлууд нь цэцэглэж, дохиурын тоос нь агаарт дэгдсэнээр хүн амд харшил үүсгэх, үр нь газарт унаж дараа жил дахин ургах шалтгаан болдог тул цэцэглэхээс өмнө арга хэмжээ авснаар үрийн нөөцийг бууруулах, харшлаас сэргийлэх ач холбогдолтой.

Иймээс ургамлын үр боловсрохоос өмнө тохиромжтой үед тайралт хийх хэрэгтэй. Шарилж, луулийн төрлийн ургамлууд нь харилцан адилгүй хугацаанд ургадаг ба цэцэглэлтийн үе нь янз бүр байдаг. Мөн тайралт хийсний дараа дахин ургадаг учир 6-р сарын сүүлээс 8-р сарын дунд үе хүртэл гурван үе шаттайгаар тайралт хийнэ.

НЭГДҮГЭЭР ҮЕ: 6-р сарын 20-ноос 7-р сарын 1

ХОЁРДУГААР ҮЕ: 7-р сарын 15-наас 7 –р сарын 25

ГУРАВДУГААР ҮЕ: 8-р сарын 05-наас 8-р сарын 15

Тайралт хийснээр тухайн газрын ургамлын тоосны хэмжээ буурах, ногоон зүлэгт талбай нэмэгдэх, хөрсний нөхөн төлжилт, ургамалжилт дахин бүрэлдэх нөхцөл бүрдэж, хөрсний чийгшилтийг хэвийн хэмжээнд барих ач холбогдолтой тул зулгаах, шатаах, сэндийчэх зэргээр хөрсийг эвдэхгүй байх нь чухал юм.

        Тайралт хийх арга:

-       Шарилж луулийн ургамлыг 7-10 см урттай байхад тайрах

-       Бороо орсны дараа эсвэл ус цацаж чийгшүүлсэний дараа тайрах

        Хэрэглэгдэх багаж, хэрэгсэл

-Тайралт хийх хайч, бээлий, маск                          

 

               Ургамлын тоосны харшлын үед илрэх шинж тэмдгүүд:

·         Шингэн нус их хэмжээгээр гоожих

·         Хамар битүүрэх

·         Ойр ойрхон хүчтэй найтаалгах

·         Нүд улайх, загатнах, эсвэл хорсох

·         Нүд гэрэлд мэдрэмтгий болж, нулимс гоожих 

               Ургамлын тоосжилт агаарт дэгдсэн үед авах арга хэмжээ

·         Хаалга цонхоо хаах, тор байршуулах.

·         Машин болон гэртээ агаар чийгшүүлэгч хэрэглэх.

·         Гадуур хувцсаа битүү орчинд /шүүгээ, уут/ хийх.

·         Угаасан хувцсаа гадаа хатаахгүй байх.

·         Гадуур явахдаа амны хаалт зүүх.

·         Ургамалтай ажиллах шаардлага гарвал амны хаалт зүүх.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top