Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр-4” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралт, бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр боллоо.
Ирэх 2020 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж буй эмнэлгийн барилга угсралт, бүтээн байгуулалтын нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Азийн хөгжлийн банкны зүүн Азийн газрын захирал Эйми С.П Лиун, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагдорж болон албаны бусад хүмүүс, зочид төлөөлөгчид оролцлоо.
Хүн амынхаа тоогоор нийслэлд тэргүүлдэг тус дүүргийн хувьд, 157 мянган оршин суугчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх 150-200 ортой жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэл өдгөө 38 хувьтай байна. Нээлтийн хүрээнд эрүүл мэндийн салбарын удирдлагууд тус эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцаж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар санал бодлоо солилцсон юм.
“Эрүүл мэндийн салбарын хөгжилт хөтөлбөр-4” төсөл нь нийт 45.1 сая ам.долларын төсөвтэй бөгөөд Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар 14.5, мөн АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр 25 сая, Монгол Улсын Засгийн газраас 4.5 сая ам.долларын санхүүжилтээр амжилттай хэрэгжиж байна. Эмнэлэг байгуулах ерөнхий төлөвлөлтийг Нидерланд улсын “Симед” ХХК, барилгын зураг төслийг БНСУ-ын “Жунглим” ХХК боловсруулж, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр Австри улсын “Вамед” ХХК ажиллаж байгаа юм.
Төслийн хүрээнд шинэ эмнэлгийн дүрэм журам, стратеги төлөвлөгөөг боловсруулж, бие даасан даасан байдлыг бүрдүүлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэн, иргэдийн оролцоонд тулгуурласан бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлуудыг шат дараатайгаар хийхээр төлөвлөжээ.
Мөн жишиг нэгдсэн эмнэлэгт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор АШУҮИС, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран 17 чиглэлийн 29 эмч, 100 гаруй сувилагчийг төрөлжсөн мэргэшлээр, 50 гаруй сувилагчийн туслагч болон бусад ажилтныг сургасан байна. Энэ дагуу өнөөдөр эрүүл мэндийн салбарын удирдлагууд эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд батламжийг нь гардуулж өглөө.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )