Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг сонгон шалгарууллаа

2018 оны 07 сарын 05

Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөлийн 2018 оны 5 сарын 4-ний өдрийн тогтоолоор “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим тусламж, үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах журам”-ыг баталсан. Тус журам батлагдсанаар эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч иргэн харьяа нутаг дэвсгэрийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн төвөөс зарим багц тусламж үйлчилгээг авах боломж нээгдэж байна.

Уг тогтоолын дагуу Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар даатгуулагч иргэдэд стандарт, эмнэлзүйн удирдамж, зааврын дагуу чанартай тусламж, үйлчилгээг хүргэх зорилгоор эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх нийслэл, орон нутгийн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулах үйл ажиллагааг улсын хэмжээнд явууллаа.

Энэхүү шалгаруулалтыг “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ын хүрээнд зохион байгууллаа.

Улсын хэмжээнд сум тосгоны 296, өрхийн эрүүл мэндийн 218, нийт 514 эрүүл мэндийн төв байдгаас дээр дурдсан журамд заасанчлан магадлан итгэмжлэгдсэн 319 эрүүл мэндийн төв сонгон шалгаруулалтад орж, 280 гаруй эрүүл мэндийн төв тэнцлээ.Энэ нь сонгон шалгаруулалтанд оролцсон нийт эрүүл мэндийн төвүүдийн  90 орчим хувь болж байгаа юм.

Эрүүл мэндийн төвүүдийг сонгохдоо эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж, үйлчилгээний  багц тус бүрээр шалгаруулсан бөгөөд аль багц тусламж, үйлчилгээг үзүүлэхээр тэнцсэнээс хамаарч эрүүл мэндийн төвүүд дараахь 4 төрлийн тусламж үйлчилгээг харьяа нутаг дэвсгэртээ даатгуулагч иргэдэд үзүүлнэ.  Үүнд:

*Сэргээн засах үйлчилгээний багцаар хөдөлгөөн засал болон физик эмчилгээний тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Хөдөлгөөн засалд үений  болон булчингийн хүч сайжруулах дасгал, эмчилгээний дасгал, биеийн тэсвэрлэх чадвар болон тэнцвэр сайжруулах дасгал багтах бол физик эмчилгээнд халуун жин, парафин, УВЧ шарлага, искра,  электрофорез, утлага эмчилгээ, инфра улаан цацрал, солюкс, лазер эмчилгээг тус тус үзүүлнэ.

*Гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээний багцад удаан хугацаанд хэвтэрт байгаа өвчтөн, хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, үйлчилгээ багтана. Энэ багцын хүрээнд тарилга хийх, шээлтүүр, бургуй, хаймсуур тавих, боолт солих, шинжилгээний сорьц авах, зөөврийн багажийн шинжилгээ хийх,өвчтөний амин үзүүлэлтийг хянах, биеийн угаалга хийх, жин, бигнүүр тавих, утлага хийх, холголт, цооролтоос урьдчилан сэргийлэх, байрлал сэлгэх, гэр бүлийн гишүүдийг өвчтөн болон хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асрахад сургах зэрэг сувилахуйн тусламж, үйлчилгээнүүд багтсан байна.

Мөн үений хөдөлгөөний далайцын идэвхтэй, идэвхгүй дасгал, сунгалтын болон хүчний дасгал, суулгах, зогсоох, явуулах дасгал хийлгэх зэрэг сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлэхээр оруулсан байна..

*Өдрийн эмчилгээний багцаар зүрх, судасны болон  хоол боловсруулах замын эмгэг,мөн мэдрэлийн эмгэг, үе мөчний үрэвсэл, холбох эдийн, амьсгалын замын, чих, хамар, хоолойн, бөөр, шээсний замын эмгэгтэй өвчтөнийг өдрөөр эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлэх юм.

*Оношилгоо, шинжилгээний багцад хурдавчилсан оношлуур (сахар, холестрин илрүүлэх, шээсэнд билирубин, уураг тодорхойлох, хеликобактери илрүүлэх, хавдрын эс илрүүлэх, өөх тосны солилцоо үзэх), лабораторийн шинжилгээ (цус, шээсний ерөнхий шинжилгээ, цусны бүлэг, резус бүлэг тодорхойлох), багажийн шинжилгээ (зүрхний цахилгаан бичлэг, чанд авиан шинжилгээ) багтана. Мөн сумын эрүүл мэндийн төвдүүдэд биохими болон үтрээний наалдцын шинжилгээг хийхээр энэхүү багцад оруулжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
777(119.40.103.34) 2018 оны 07 сарын 16

tom nertei jijig gazap

0  |  0
Top