БЗДХ өвчний хор уршиг, түүнээс сэргийлэх

2018 оны 07 сарын 25

БЗДХ гэж юу вэ?

БЗДХ гэж бэлгийн замаар дамжих халдвар гэсэн үгний товчлол бөгөөд заг хүйтэн, тэмбүү, хламид, бэлгийн хомхой, бэлгийн үү, бэлгийн херпес, трихомониаз, элэгний В,С вирүсийн халдвар, ХДХВ/ДОХ зэрэг 20 гаруй халдварт өвчин багтдаг.

ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны статистик мэдээллээр зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдвар 2017 оны эхний 10 сарын байдлаар Улсын хэмжээнд 28 төрлийн 36695 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 120.0 ногдож байна. Зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 12153 бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 33.1 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 19 өвчлөл буюу 0.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт өвчлөлийн 29.9 хувийг заг хүйтэн, 40.9 хувийг тэмбүү, 29.1 хувийг трихомониаз, 0.1 хувийг ХДХВ/ДОХ-ын халдвар тус тус эзэлж байна.

БЗДХ-ын үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Бэлгийн замаар дамжих халдвар авсан үед ихэвчлэн дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:

  • Бэлэг эрхтэн дээр яр, цэврүү гарах
  • Бэлэг эрхтэн орчмоор загатнах, улайх
  • Хэвийн бус шингэн, ялгадас ялгарах
  • Бэлэг эрхтэн орчмоос эвгүй үнэртэх
  • Шээх болон бэлгийн хавьталд орох үед өвдөх
  • Халуурах
  • Сарын тэмдэгийн мөчлөг алдагдах

АНХААР!!! Өвчний шинж тэмдэг зарим хүнд огт илрэхгүй байж болно.

Заг хүйтэн, тэмбүү, хламид, бэлгийн херпис зэргийг эмчлүүлээгүй тохиолдолд хүний бусад эрхнийг өвчлүүлэх, арьс салстыг гүн гэмтээх, гадна дотор эрхтэн, мэдрэлийн тогтолцоонд гүнзгий өөрчлөлт орох, үргүйдэлд хүргэх, жирэмсэн эхээс урагт, төрөх замаар нярайд дамжих, умайн гадуур жирэмслэх, шээсний сүв нарийсах, хүүхэд зулбах, амьгүй төрөх зэрэг маш аюултай эрсдэлийг дагуулна.

Улсын хэмжээнд 2017 оны эхний 10 сарын байдлаар төрөлхийн тэмбүүгийн 44 тохиолдол бүртгэгдсэнээс 11 тохиолдол нь нас барж, 7 амьгүй тохиолдол бүртгэгдсэн байна.  Өмнөх оны мөн үеэс 12 тохиолдлоор өссөн үзүүлэлттэй байна.

БЗДХ тархах замууд: 

• Халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноор
• Халдварлагдсан цус цусан бүтээгдэхүүн хэрэглэснээр
• Халдвартай эхээс урагт
• Халдварлагдсан зүү тариур, сахлын хутга зэргийг хэрэглэх

АНХААР!!! БЗДХ нь зөвхөн бэлгийн замаар халдварладаггүй. Аман сексээр амны херпес болон ХПВ халдварлах боломжтой. Мөн шулуун гэдсээр хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох үед халдварлана.

Бэлгийн замаар дамжих халдвар авсан бол яах вэ? Эмчлэгдэх боломжтой юу?

Өөрийгөө халдвар авсан байж магадгүй гэж бодож байвал өвчний шинж тэмдэг илрээгүй ч цаг алдалгүй эмчид хандаарай. Эмчийн зааврын дагуу цаг алдалгүй эмчилгээ хийлгэвэл ХДХВ/ДОХ-оос бусад бүх БЗДХ бүрэн эмчлэгдэх боломжтой.

АНХААР!!! Мэргэжлийн эмчийн зааваргүйгээр ямар ч эм тариаг дур мэдэн хэрэглэж болохгүй. Учир нь илрэх шинж тэмдэггүй болж болох ч өвчин даамжирч, гүйцэт эмчлэгдэхгүй, сэдэрч эрсдэл үүсгэх аюултай.

-Халдвар илэрсэн тохиолдолд эмчийн хяналтанд орж, эмчилгээг гүйцэд хийлгэх,

-Бэлгийн хавьтагчийг эрт эмчлэх,  

-Нярайн халдвараас сэргийлэхийн тулд жирэмсэн эмэгтэйчүүдэд хяналтанд эрт орж, БЗДХ-ыг илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдах хэрэгтэй


Эцэст нь БЗДХ-аар өвчлөхгүй байх боломж таны гарт байгааг сана.

-Тохиолдлын бэлгийн хавьтлаас зайлсхийх

- Бэлгийн нэг хавьтагчтай байх, үнэнч байх

- Насанд хүртлээ бэлгийн харилцаанд орохгүй байх

-Бэлгийн харилцаанд зайлшгүй орохоор бол хамгаалалт буюу бэлгэвчийг зааврын дагуу заавал хэрэглэх

-Тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орвол өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран шинжилгээ өгөх

- Шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран байнга шинжилгээнд хамрагдах

- Архи, согтууруулах ундааг хэрэглэхгүй байх


Жич: Та урьдчилан сэргийлэх болон сайн дурын үзлэг шинжилгээнд хамрагдахаар бол Дүүргийнхээ Эрүүл мэндийн төвийн БЗДХ/ДОХ-ын кабинет болон ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны амбулатори буюу “Улаантууз” эмнэлэгт хандаарай. Эдгээр газрууд нь ямар ч тохиолдолд таны хувь хүний нууцыг бүрэн хамгаалах үүрэгтэй.

ХӨСҮТ-Найдвартай утас:  11-450867 /Зөвөлгөө авах/

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top