Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бий

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 14

Монгол Улс мал сүргээр баян орон. Гэвч малын гоц халдварт өвчин бидэнд байнгын сорилт, эрсдэл, аюул дагуулж байна. Малын эзэн малчин танд мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх БОЛОМЖ байна.

 

Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд: 

  • Малын хариулга, маллагаагаа сайжруулах, малаа ажиглах
  • Мал эмнэлгийн төлөвлөгөөт вакцинжуулалт, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа сайн дураараа, идэвхтэй хамруулах
  • Зун, намрын улиралд малаа угаалганд бүрэн хамруулах
  • Өвөлжөө, хаваржаа бууцанд уламжлалт болон орчин үеийн аргаар ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэх
  • Ямарваа нэг өвчний шинж тэмдэг илрэх бүрт хариуцсан малын эмч, сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн малын эмчдээ дуудлага өгч, үзлэг хийлгэх, онош тогтоолгох
  • Дур мэдэн оношлох, эмчлэхээс зайлсхийх
  • Аль болох өөрийн орон нутагт отор, нүүдэл хийх  
  • Зайлшгүй тохиолдолд отор, нүүдэл хийхдээ орон нутгийн мал эмнэлгийн байгууллага, малын эмч нараас малын өвчний талаар мэдээлэл, зөвлөгөө авах, оторлож болох бүс нутгийг тодруулах
  • Сүрэг сэлбэх, малын цус сайжруулах зорилгоор малыг сүрэгт нийлүүлэх бол эхлээд тодорхой хугацаанд тусгаарлан ажиглах
  • Өвчний голомттой болон голомт бүртгэгдсэн бүс, аймаг, сумаас мал худалдан авахгүй байх, мал сүрэгтээ нийлүүлэхгүй байх
  • Шаардлагагүй тохиолдолд өвчний голомт бүртгэгдсэн болон голомттой аймаг, сумдаар зорчихгүй байх, зайлшгүй шаардлагаар зорчсон бол хамгийн багадаа 5 хоног малдаа ойртохгүй байх
  • Малын өвчний мэдээлэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зөвлөмжийг чандлан мөрдөх
  • Өвчилж тэмдэглэгдсэн малыг тогтоосон хугацаанд нядалгаанд оруулах, малаа бусад айлын малтай ус, бэлчээрээр нийлүүлэхгүй байх, бусад малчинтай хашаа хороо, тоног хэрэгслээ сольж хэрэглэхгүй байх
  • Өвчлөл бүртгэгдсэн бүсээс мал, малын гаралтай бүтээгдэхүүн худалдаж авахгүй, зарахгүй байх

Шүлхийгээр өвчилсөн малд илрэх шинж тэмдгийг мэдэж байх нь зүйтэй 

Шүлхий өвчинд хамгийн өртөмтгий мал бол үхэр. Өөрөөр хэлбэл, Үхэр нь тухайн нутаг дэвсгэрт шүлхий өвчин байгаа эсэхийг тодорхойлох индикатор амьтан болж байдаг. Мөн нялх төл, өсвөр болон туранхай мал илүү өвчилдөг. Шүлхий хэдийд ч илэрч болно. Манай оронд сүүлийн жилүүдэд хавсаргатай хавар, зун, сэрүүн намар, дүн өвлөөр шүлхий дэгдэж байна.

Шүлхий өвчнөөр өвчилсөн үхэр:

  • 39-40 хэм хүрч халуурна
  • Ноомой, сулбагар болно.
  • Тэжээлдээ дургүй болж, сүү нь татарна. 
  • Шүлс нь гоожих, урсах, хамраас нь шингэн гоожно.
  • Тэнцвэрээ алдах, хөлөө савлах, тийрэх, доголох улмаар зогсож чадахгүй хэвтэнэ
  • Хэл, буйл, жавьж, зөөлөн тагнай, хамрын толио, турууны салаа, хөхөн дээр үлхий үүснэ. Үлхий ил харагдахгүй гарах нь бий.

Шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн бол даруй мэдэгдэх үүрэгтэй 

  • Сэжигтэй малыг сүргээсээ яаралтай тусгаарлана.
  • Мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай даруй мэдэгдэнэ.
  • Малын эмч, мал эмнэлгийн байгууллагын шаардлагыг бүрэн биелүүлэх
  • Малын хашаа, хороо, байрны ариун цэвэр, эрүүл ахуйн болон технологийн дэглэмийг сахих
  • Малын эмчийн зааварчилгааны дагуу өвчтэй малын бууц, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу халдваргүйжүүлнэ.
  • Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг гардан гүйцэтгэх
  • Эрүүл, өвчтэй малыг хооронд холихгүй, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх хэрэгтэй.
  • Бусад малчныхаар очихгүй байх, малын хөдөлгөөнийг аль болох багасгах
  • Өвчилж тэмдэглэгдсэн малыг тогтоосон хугацаанд нядалгаанд оруулна.
  • Малаа бусад айлын малтай ус, бэлчээрээр нийлүүлэхгүй байх
  • Мал, малын гаралтай бүтээгдэхүүн худалдаж авахгүй, зарахгүй байх
  • Бусад малчинтай хашаа хороо, тоног хэрэгслээ сольж хэрэглэж огт болохгүй.

МАЛЧИН ТА Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, малаа эрүүл байлгаарай.



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top