Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв” байгуулах МОН-8 төслийн Удирдах хороог хуралдуулж, ажлын явцтай газар дээр нь танилцжээ. Тус хурлаар төслийн хэрэгжилтийн хүрээнд тулгамдсан асуудлуудтай танилцан дараах шийдвэрүүдийг гаргасан байна.
Тодруулбал, гаражийн барилгын зориулалтад нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн резидент болон хөдөө орон нутгийн иргэдийг хүлээн авч түр байрлуулах зориулалтын барилга болгох өөрчлөлтийг оруулахаар Удирдах хороо шийдвэрлэв. Мөн Монгол Улсын Засгийн Газрын хүлээх үүргийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлж ажиллах, эмнэлгийн мэдээллийн систем, зайн оношилгооны асуудлаар холбогдох албаны байгууллагуудтай харилцан хамтран ажиллаж нэгдсэн нэг програм хангамжтай болгох ажлыг зохион байгуулахыг Төслийн удирдах хороо ажил хариуцсан дарга нар, Төсөл хэрэгжүүлэх нэгжид үүрэг болгосон байна.
Төслийн удирдах хорооноос Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захиргаа болон Төсөл хэрэгжүүлэх нэгжид Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийг цаг хугацаанд нь ашиглалтанд оруулж улсын комисст хүлээлгэн өгөхийг үүрэгджээ.
Уг төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа өндөр хүчин чадал бүхий хавдрыг эрт үед нь оношилдог орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүд болон алсын зайн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, програм хангамжтай, сургалтанд хамрагдаж мэргэшсэн эмч мэргэжилтнүүд бүхий иж бүрэн оношилгоо, эмчилгээний төв ашиглалтанд орно.
Одоогийн байдлаар эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн эхний хэсэг Гааль дээр буусан, барилгын ажил 78 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа бөгөөд Улсын комисст 2019 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүлээлгэж өгөх юм байна.
Мөн БНСУ-д бэлтгэгдэх эмч, мэргэжилтнүүдийн эхний ээлж БНСУ-ын "Ёнсей" эмнэлэгт сургалтанд хамрагдаж байгаа аж.
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
энэ нэг үргэлж энд тэнд очоод л шүлсээ үсэргэж худлаа ярьж явхаа больмоор. өнөөх түлнэхийн төв энэ онд ашиглалтад орно гэсэн яасан вэ?