Сургалтын эмнэлгийг ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад өгнө

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 21

Монгол, Япон хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын буцалтгүй тусламжаар манай улсад анх удаа “Их Сургуулийн Нэгдсэн Эмнэлэг” баригдаж байгаа билээ. Тодотгож хэлбэл, сургалтын орчныг технологи, арга зүйн хувьд өндрөөр хангаж ажиллах эмнэлэг юм. Урьд өмнө Сургалтын эмнэлгийг энэ оны аравдугаар сарын 1-ний өдөр ашиглалтад өгнө гэсэн мэдээллийг АШУҮИС-ийн удирдлагуудаас өгч байсан ч эмнэлгийн барилгыг энэ онд ашиглалтад өгөх боломжгүй юм байна. Тиймээс АШУҮИС-ийн захирал, Анагаах ухааны доктор Ж.Цолмон, “Жайка”-гийн Монгол дахь төлөөллийн газрын дарга Сато Мүцүми, Сургалтын эмнэлгийн зураг төслийг хариуцаж ажилласан Төслийн менежер, “Ямашита Сэккэй” компанийн захирал Цүмото Тадаёши нарын хүмүүс Сургалтын эмнэлгийн барилгын гүйцэтгэлийн ажлын явц болон зарим тулгамдаж болзошгүй асуудлаар мэдээлэл хийлээ.

Албаны хүмүүсийн байр суурийг сонирховол, Сургалтын эмнэлэг нь анх баригдаж эхлэхдээ ирэх 2019 оны наймдугаар сард ашиглалтад өгөхөөр товлосон байсан ч аравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулна гэсэн мэдээлэл бас тархасан юм байна. Тэгэхээр он сарын зөрүүтэй энэ байдалд тодорхой хариулт өгөх үүднээс АШУҮИС-ийн удирдлагууд, “Жайка”-гийн Монгол дахь төлөөлөгчид олон удаа хэлэлцээрийн ширээний ард сууж, Сургалтын эмнэлгийн барилгын ажлыг ирэх 2019 оны нэгдүгээр улиралд багтаан ашиглалтад өгөхөөр албан ёсоор тохиролцоонд хүрсэн гэдгээ энэ үеэр онцолсон юм.

Монгол, Япон хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд баригдаж буй манай улсын анхны “Их Сургуулийн Нэгдсэн Эмнэлэг” нь жилдээ 180,000 хүнд хүрч үйлчлэх, 2060 хүнд мэс ажилбар хийх, 4300 хүнийг хэвтүүлэн эмчлэх, 9000 гаруй хүнд СТ, MRI оношилгоо хийх хүчин чадалтай бол 150 резидент эмч ажиллуулахаар төлөвлөжээ. Тиймээс Сургалтын эмнэлэгт ажиллах боловсон хүчний нөөцийг ч АШУҮИС анхаарч ажиллаж байгааг энэ үеэр дуулгаж байсан. Тиймээс АШУҮИС-ийн захирал, Анагаах ухааны доктор Ж.Цолмон болон бусад албаны хүмүүсийн мэдээллийг хүргэж байна.

АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон:Манай сургууль Сургалтын эмнэлэгт ажиллах хүний нөөцөд анхаарч байна

Монгол Улсад анх удаа Япон Монголын сургалтын эмнэлэг байгуулахаар хоёр тал хэлэлцсэний үндсэн дээр өнөөдөр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий Сургалтын эмнэлгийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. Сургалтын нэгдсэн эмнэлгийг ирэх аравдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэсэн мэдээлэл нийгэмд тархаад байсан. Тийм учраас энэ тухайд бодит мэдээллийг өгөх үүднээс та бүрхэнтэй уулзаж байна. Уг нь эмнэлгийн барилгыг 2019 оны наймдугаар сард ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй барьж эхэлсэн юм билээ. Гэсэн хэдий ч хоёр тал удаа дараа зөвшилцөж олон талаас нь ярьж зөвлөлдөж байж ирэх оны нэгдүгээр улиралд багтаан ашиглалтад өгөхөөр тохиролцлоо. АШУҮИС-ийн зүгээс тус эмнэлэгт ажиллах боловсон хүчин, эмч ажилтнуудын нөөцийг бүрдүүлэх тал дээр анхааран ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр хүний нөөцийн 40 хувийг бүрдүүлээд явж байна, цаашид ч эмнэлэг ашиглалтад ортол хүний нөөцөө бүрдүүлэх, тэднийг бэлтгэх тал дээр манай сургуулийн зүгээс ихээхэн анхаарч ажиллах болно.

“Жайка”-ийн Монгол дахь төлөөллийн газрын дарга Сато Мүцүми:Монгол Улсын Засгийн газарт хариуцаж байгаа зүйл бас бий

“Жайка” нь Монгол Улсад төдийгүй дэлхийн олон улсад төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг юм. Үүнээс нэлээд томд тооцогдох нь Монгол, Япон хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын буцалтгүй тусламжаар баригдаж буй “Их Сургуулийн Нэгдсэн Эмнэлэг” юм. Энэхүү эмнэлэг нь японы эмнэлзүйн арга зүй, дэвшилтэт технологийг Монгол Улсад нэвтрүүлэхээрээ туйлын онцлогтой. Ж.Цолмон захиралтай удаа дараа зөвшилцөж байж барилга барьж дуусах хугацааг наашлууллаа. Нөгөө талаар Монгол Улсын Засгийн газраас хариуцаж байгаа зүйл бас байгаа учраас хариуцсан ажлаа цаг хугацаанд нь шийдэж өгнө гэдэгт найдаж байгаа, Тал талдаа ойлголцоод ажиллахаар эмнэлгийг товлосон хугацаанд нь ашиглалтад өгч чадна.

Төслийн менежер, “Ямашита Сэккэй” компанийн захирал Цүмото Тадаёши:Эмнэлгийн барилгын ажил удааширч байгаад хүлцэл өчиж байна

Бид АШУҮИС-ийн удирдлагуудын хүсэлт болон бусад зүйлийг харгалзан үзээд юуны өмнө барилгын гүйцэтгэгч талтай уулзаж ярилцсан. Тэгэхэд гүйцэтгэгч компани ирэх оны эхний улиралд багтаан ашиглалтад өгөхөөр чармайн ажиллана гэдгээ дуулгасан. Тодорхой шалтгааны улмаас эмнэлгийн барилгын ажил удааширч байгаад хүцлэл өчиж байна. Бид хэдийгээр хугацаа бага зэрэг хойшилж байгаа ч чармайж ажиллана, ингэхдээ АШУҮИС-ийн үйл ажиллагаанд ямар ч саад болохгүйгээр ажлаа гүйцэтгэх болно. Аливаа зүйлд давагдашгүй хүчин зүйл гэж бий, энэ бүх эрсдлээ тооцоод тал талаасаа ойлголцоод ажиллахад эмнэлгийн барилгын ажлыг ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад өгч амжина гэж манай гүйцэтгэгч талаас хэлсэн байгаа.

С.Ууганбаяр

www.zindaa.mn  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hun(139.5.217.111) 2018 оны 09 сарын 22

Tsolmon gj baliar banzal avgai.

0  |  0
Top