Ээж болохоор бэлтгэж буй бүсгүйчүүдэд зөвлөж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 10

ZINDAA.MN мэдээллийн сайт "Сорхун" эмэгтэйчүүдийн эмнэлэгтэй хамтран долоо хоног бүрийн лхагва гарагт ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗӨВЛӨГӨӨ хүргэхээр болсон билээ. Өнөөдөр "Сорхун" Эмэгтэйчүүдийн эмнэлэг & Эхчүүдийн сувилалын эмэгтэйчүүдийн эмч М.Оюундарьтай ярилцаж, ээж болохоор бэлтгэж буй бүсгүйчүүдэд зориулсан зөвлөгөөг хүргэж байна.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе.  Та эмнэлгийнхээ үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөөч?

-“Сорхун”Эмэгтэйчүүдийн эмнэлэг болон Эхчүүдийн сувиллын эмэгтэйчүүдийн эмч М.Оюундарь байна. Сорхун эхчүүдийн сувилал, эмэгтэйчүүдийн эмнэлэг маань Монголдоо анхдагчаар төрсний дараах эх болон нярайд тулгардаг олон асуудлуудыг цогцоор нь нэг дор мэргэжлийн өндөр түвшинд хүргэхийг зорин ажиллаж буй хамт олон юм. Дөнгөж төрсөн эх нярайтайгаа төрөх эмнэлгээс гараад шууд манай сувилалд ирэх боломжтой ба нярайг мэргэжлийн эмч сувилагч нар нярайн тасагтаа хүлээн авч бүхий л шаардлагатай асаргаа, сувилгааг үзүүлж мөн нярайн шарлалтын фото аппаратыг эмчилгээндээ хэрэглэж байна. Харин ээжүүдийн хувьд нарийн мэргэжлийн эх барих , эмэгтэйчүүдийн эмч мөн дүрс оношилгооны, уламжлалын эмч нарын үзлэг хийгдэж тухайн ээжийн сонгосон багцаас хамаараад үйлчилгээгээ үзүүлдэг билээ.


-Төрсөн ээжээс гадна жирэмсэн ээжүүд болон эмэгтэйчүүд хэвтэн эмчлүүлэх боломж байдаг уу?

-Тийм ээ боломжтой. Манай эмнэлэгт жирэмсний эрт үеийн болон хожуу үеийн хордлоготой ээжүүд мөн олон, ойрхон жилийн зайтай төрсөн, архаг ядаргаа ихтэй ээжүүд сувилуулж эмчлүүлэх хүсэлт их байсан тул жирэмсэн ээжүүдээ болон жирэмсэн биш эмэгтэйчүүдээ хүлээж авдаг болсон.

-Жирэмсэн ээжүүдэд түгээмэл тохиолддог зовиуруудыг талаар товчхон мэдээлэл, зөвлөгөө өгөөч?

-Бие гүйцсэн эр, эм бэлгийн эс нийлж хүний амьдралын эх үүсвэр болох нэгэн эс үүсэхийг үр тогтолт гэнэ. Үр хөврөл бүрэлдсэн мөчөөс эхлэн эхийн эрхтэн тогтолцоонд физиологийн өөрчлөлт гарч эхлэх бөгөөд энэхүү өөрчлөлтүүд ургийн хэвийн өсөлтийг хангах үндэс суурь нь болдог. Умай болон бусад эрхтнүүдийн цусан хангамж нэмэгдэж мөн эх-ихэс-ураг гэсэн шинэ цусны эргэлт бий болдог тул зүрх судасны тогтолцоо ачаалалтай болдог. Цусны ерөнхий хэмжээ 21-25%-р нэмэгдэж үүнтэй уялдан зүрхний шахах цусны хэмжээ нэмэгдэж, зүрхний цохилт ихэснэ.

Амьсгалын эрхтэн тогтолцооны талаас бүтцийн болон үйл ажиллагааны өөрчлөлт гарна. Цээжний хэлбэр өөрчлөгдөнө. Үүнд: хавирганы доод өнцөг ихсэнэ, цээжний эргэн тойрны диаметр нэмэгдэнэ, өрц өргөгдөнө. Жирэмсний төгсгөлд физиологийн амьсгаадалт илэрдэг энэ үед амьсгал авалт, гаргалт дээд хэмжээндээ хүрч амьсгал богиносох байдлаар үүсдэг. Хамрын салстын цусан хангамж нэмэгддэг тул зарим ээжүүдэд хамрын салст хөөж харшил болон ханиад хүрсэн мэт мэдрэмж байнга төрөх тохиолдол байдаг.

-Жирэмсэн ээжүүд маань шүдээ угаахад цус гарах, цээж хорсох гэх мэт зовиур их байгаад байдаг энэ юунаас болж илэрдэг вэ?

-Тийм ээ. Эдгээр зовиурууд нь нийтлэг тохиолддог. Жирэмсэн болсонтой холбоотойгоор буйлны цусан хангамж нэмэгдэж, зөөлөрдөг тул шүдээ угаах болон хатуу юм хазах үед буйлнаас амархан цус гарамтгай болдог. Тиймээс жирэмсэн ээжүүд аль болох зөөлөн үстэй жижиг сойз хэрэглэх нь тохиромжтой. Жирэмсний сүүлийн саруудад цээж гашуун оргих зовиур ихэнх ээжүүдэд тохиолддог бөгөөд энэ нь дааврын нөлөөгөөр ходоод улаан хоолойн хунигч булчин суларсантай холбоотой ходоодны агууламж буцаж улаан хоолой руу орсноос болж илэрдэг. Энэ үед бага багаар ойрхон хооллох, хоол идсэний дараа шууд хэвтэхгүй байх мөн кофе, шоколад , гурилан бүтээгдэхүүний хэрэглээг багасгах зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй.

 

-Жирэмсэн үед ямар зовиур илэрвэл эмчид хандах хэрэгтэй байдаг вэ? Жирэмсэн ээжүүд маань мэдэж байх хэрэгтэй байх

Жирэмсний аюултай шинжүүд гэж байдаг. Үүнд :

  • Үтрээнээс цус гарах
  • Толгой, шилэн хүзүү хөшиж өвдөх, нүд бүрэлзэх,нүдний өмнө оч харагдах, толгой эргэх, аюулхай орчим өвдөх
  • Хэвлий болон хэвлийн доод хэсгээр базалж өвдөх
  • Гар, хөл , хэвлийгээр хавагнах
  • Үтрээнээс их хэмжээтэй тунгалаг шингэн гарах
  • Хүүхдийн хөдөлгөөн ихсэх болон багасах
  • Шээсний гарц багасах эдгээр зовиуруудын аль нэг илэрсэн тохиолдолд яаралтай харьяа эмнэлэгтээ үзүүлэх хэрэгтэй.

-Төрсний дараа ээжүүд яагаад сувилалд хэвтэх шаардлагатай байдаг вэ?

-Төрсний дараах үе гэдэг нь төрснөөс хойш 6 долоо хоногийн хугацаанд жирэмслэлт , төрөлтийн явцад эхийн бие махбод болон сэтгэл зүйд үүссэн физиологийн өөрчлөлтүүд эргэж хэвийн байдалдаа орох үе юм. Иймээс энэ сар гаруйхан хугацааг л эмэгтэй хүн өөртөө зарцуулж, өөрийгөө хайрлах  хэрэгтэй. Төрсний дараа эхчүүдийн 1∕3-д түгшүүртэй байдал идэвхжиж сэтгэл гутрал үүсэх эрсдэлтэй дээр дөнгөж төрсөн нярай хүүхдийг асарч сувилахад нялх биетэй ээжид бэрхшээлтэй олон асуудал тулгардаг. Үүнд: хөхөө зөв хөхүүлэх, хүүхдээ усанд оруулах, нярайн шарлалт мөн ээжид хярзангийн болон кесар мэс заслын шархны өвдөлт, шархны арчилгаа , нойр муутай, ядаргаа ихтэй ээжид хөхний сүүний гарц муу байх зэрэг маш олон бэрхшээлүүд тохиолддог. Тиймээс энэхүү амьдралын чухал мөчид манай сувиллын мэргэшсэн баг хамт олон,  найрсаг , чанартай үйлчилгээ үзүүлж эх болон нярайн асуудлуудыг  шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бүрэн шийдэж эхийг богино хугацаанд тэнхрүүлэх, жирэмсэн биш үеийн бие галбиртаа эргэн орж сэтгэл хангалуун өөртөө итгэлтэй амьдрах  олон сайхан монгол ээжүүдийнхээ төлөө чин сэтгэлээсээ гар нийлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top