Арван аймаг зүрхний ”ЭХО” аппараттай боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 13

Улсын гуравдугаар төв эмнэлгийн хурлын танхимд Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Монголын Зүрх судасны үндэсний төв ба Зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь” МОН/006 төслийн санхүүжилтээр 10 аймагт хамгийн сүүлийн үеийн,  өндөр хүчин чадалтай, өнгөт доплер зүрхний эхо аппаратыг хүлээлгэн өгөх үйл ажиллагааг өчигдөр (2018.10.12) зохион байгууллаа. 

Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газар нь Монгол улсын Зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд сүүлийн 17-н жилийн туршид тасралтгүй дэмжлэг үзүүлэн  гурван шатны 15 жилийн хугацаатай төслийг амжилттай хэрэгжүүлсэн. 2017 оноос МОН/006 буюу “Монголын Зүрх судасны үндэсний төв ба Зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь” төсөл хэрэгжиж байгаа юм.

Энэ удаа МОН/003 төслийн хүрээнд 10 жилийн өмнө зүрхний эхо аппарат анх суурилуулсан найман  аймгийн аппаратыг сольж, сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай шинэ аппаратуудаар дахин хангаж, зүрхний эхо аппаратгүй  хоёр  аймгийг шинээр хангаж байна. Аппаратуудыг хүлээн авч буй Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Төв, Өвөрхангай, Ховд, Орхон, Хөвсгөл зэрэг 10 аймаг нь тухайн орон нутаг дахь зүрх судасны тусламж үйлчилгээний хүртээмж чанарыг сайжруулах, шаардлагагүй шилжүүлгийг багасгах, оновчтой оношлогоо, эмчилгээг явуулах зэрэг үүргийг хүлээж байгаа юм.

Аймаг орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагуудад зүрхний эхо аппарат хүлээлгэн үйл ажиллагаанд өгөх  Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон Улсын гуравдугаар төв эмнэлгийн удирдлага, хамт олон, Люксембургийн Зүрхний мэс заслын Интервеншнл кардиологи төв (INCCI)-ийн захирал, төлөөлөгчид,  аймаг орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top