ЭХЭМҮТ олон улсын жишигт нийцсэн нисдэг тэрэгний зогсоолтой боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 29

Нийслэлийн удирдлагууд өнөөдөр “Өргөө” амаржих газар, ЭХЭМҮТ-ийн гадна зам, талбайн тохижилтын ажилтай танилцлаа. Тус үйл ажиллагаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Энэ дагуу 2017 онд Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн гадна зам, талбайг тохижуулан хүлээлгэж өгсөн. Тэгвэл энэ онд нийт зургаан эмнэлгийн гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах ажил хийгдсэн бөгөөд өнгөрсөн есдүгээр сард “Амгалан” амаржих газар, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, ХУД-ийн эрүүл мэндийн төвийн 1 дүгээр амбулаторийн гадна зам, талбайг тохижуулсан юм. Харин өнөөдөр “Өргөө” амаржих газар, ЭХЭМҮТ-ийн гадна зам, талбайг иж бүрэн тохижуулсан ажлаа ийнхүү хүлээлгэж өгөөд байна.

Жилд 12 мянган эх амарждаг, 30 гаруй мянган эмэгтэйчүүдэд эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг нийслэлийн “Өргөө” амаржих газрын хувьд амаржсан эхчүүд болон эмэгтэйчүүдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүд, мөн эх, нярайг эргэхээр ирсэн ар гэрийнхэний хувьд гадна талбайн гэрэлтүүлэг, явган хүний зам, ойн төгөл бүхий ногоон байгууламж, амралтын сүүдрэвч болон 150 авто зогсоол зэргийг шийдэж өгснөөр ая тухтай орчинд үйлчлүүлэх бүрэн боломжтой болсон байна.

Улсын хэмжээнд эх, нярайн болон эмэгтэйчүүдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг ЭХЭМҮТ-ийн хувьд жилдээ мөн 12 мянган эхийг амаржуулдаг, 1100 гаруй ажиллагсадтай томоохон эмнэлэг. Тус эмнэлгийн 15.900 м2 талбайг асфальтаар хучиж, 157 авто зогсоолыг бий болгосон бөгөөд 2260 м2 талбайг явган хүний зам болгон тохижуулжээ. Мөн 2500 м2 талбайд ногоон төгөл байгуулан нийт 85 ширхэг нарс, 48 ширхэг зөөврийн мод суулгасан аж. Хоёр байршилд хүүхдийн тоглоомын талбай гарган тохижуулсан төдийгүй 70 ширхэг гэрэлтүүлэг, 74 хогийн сав, 16 ширхэг сандал бүхий 11 амралтын сүүдрэвчтэй болгожээ.

Түүнчлэн эмнэлгийн урд талбайд олон улсын жишигт нийцсэн, яаралтай түргэн тусламжийн үед ашиглах нисдэг тэрэгний зогсоолыг байгуулаад байна. Өмнө нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна зам, талбайн тохижилтын ажлын хүрээнд нисдэг тэрэгний зогсоолыг байгуулсан билээ.

Эмнэлгийн байгууллагын гадна зам талбайд гэрэлтүүлэг, явган хүний зам, ойн төгөл бүхий ногоон байгууламж, амралтын сүүдрэвч болон авто зогсоолыг бий болгож, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг шийдвэрлэн орц гарцыг нэмэгдүүлснээр иргэд түгжрэлгүй, аюулгүй, ая тухтай орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР

 

ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ


     Эх сурвалж: НЭМГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top