Анагаах ухааны салбарын оюутнууд Япон улсад 100% тэтгэлэгтэй суралцана

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 30

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Японы анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн төлөөлөн удирдах зөвлөлийн тэргүүлэгч ноён Күнинори Такагитэй Улаанбаатар хотноо 2018 оны зургадугаар сард уулзалт хийсэн байдаг.

Уулзалтад Монголын талаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Гадаад харилцааны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Гарди, Японы талаас Элчин сайд асан Такэно Шимизү нар байсан ба Монгол улсын эрүүл мэндийн салбарт ажиллах нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд Японы талаас дэмжлэг үзүүлэх саналаа илэрхийлэн таван жилийн хугацаанд анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн тэтгэлэгээр монгол оюутнуудыг хүлээн авч, тэтгэлэгт хөтөлбөрийг хамтран зохион байгуулах талаар хэлэлцжээ.


Улмаар Японы талтай хийсэн тохиролцоог ажил хэрэг болгох, мөн Монгол улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “хөгжингүй орнуудад суралцах суралцагчдын тоог 2 дахин нэмэгдүүлэх” зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг Японы талтай хамтран эцэслээд байна.

Тэгвэл өнөөдөр /2018.10.30/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Японы анагаах ухаан, нийгмийн халамжийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Күнинори Такагитэ нар тус санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагааны талаар

 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа: Өнөөдөр Япон улсын анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуультай анагаахын чиглэлээр жилд 10 оюутныг таван жилийн хугацаатай зуун хувийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан суралцуулах чухал гэрээнд гарын үсэг зурлаа. Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Монголд улсад жил хүрэхгүй хугацааны дараа Японы менежменттэй эмнэлэгийг бид хүлээн авах гэж байна. Хамгийн орчин үеийн шийдэл, тоног төхөөрөмжөөр хангагдасан тус эмнэлэгт Япон улсад анагаах ухааны нарийн мэргэжлээр суралцан төгсөж ирэх боловсон хүчнээ ажиллуулах хүсэлтэй байгаа. Өнөөдрийн энэ гэрээ нь тус эмнэлэгт ажиллах боловсон хүчнийг бэлтгэхэд маш том хувь нэмэр орууллаа гэж үзэж байна.


Японы анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дарга Күнинори Такаги: Манай сургууль 1995 онд байгуулагдсан. Ганцхан анагаах ухаан ч бус анагаах ухаан, нийгмийн халамжийн цогц сургууль гэдгээрээ Япондоо анхдагч. Одоогийн байдлаар 6 кампус, 10 сургууль, 24 тэнхимд нийтдээ 8300 оюутан магистр, докторт суралцаж байна. Өнөөг хүртэл 23000-аад чадварлаг боловсон хүчинг бэлдэж ирснийг Япон улсын засгийн газраас өндрөөр үнэлж 2017 онд 40 жил олгогдоогүй их эмч сургах, анагаах ухааны их сургуулийг байгуулах зөвшөөрлийг бидэнд өгсөн. Тус сургуульд дэлхийн өнцөг булан бүрээс залуучууд ирж суралцаж байна. "Даяарчлагдсан их сургууль" уриан дор манай сургуулийн хамт олон оюутнуудыг гадаад оронд дадлага хийлгүүлэхээс гадна, азийн улс орнуудаас оюутан судлаачдыг суралцуулах, эмч, багш нараа гадаадад томилолтоор ажиллуулж ирсэн. Монгол улсыг ази дахь хамтын ажиллагаатай орнуудын нэг хэмээн үзэж тус салбарын мэргэжилтнүүдийг сургах замаар Монгол улсын анагаах ухааны хөгжилд хувь нэмэрээ оруулахаар зорьж байна.


Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такаока Масато: Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль нь анх 2003 онд Монгол оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулснаас хойш олон үйл ажиллагаанууд хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаа ирэх таван жилийн хугацаанд хамгийн ихдээ 50-иад монгол оюутнуудыг зуун хувийн тэтгэлэгээр суралцуулах хөтөлбөрийг шинээр нээсэн явдалд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. Хоёр улсын боловсролын салбарт олон талын хамтын ажиллагаанууд хэрэгжиж, улам өргөжсөөр байгаа билээ. Японд болосврол эзэмшсэн монгол оюутнууд төгсөөд эх орондоо ирж олон салбарт амжилттай ажиллаж байна. Мөн Монгол улсын хүний нөөцийг чадвахижуулах тал дээр Япон улс хувь нэмрээ оруулж байгаад таатай байна. Эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран хэрэгжүүлж буй төслийн хувьд ялангуяа Япон, Монголын эмнэлэгийн барилгын ажил ирэх жил нээлтээ амжилттай хийхийг хүсч байна. Мөн тус тэтгэлэгээр суралцах монгол оюутнууд эх орныхоо нийгмийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулахыг хүсээд, хоёр орны хамтын ажиллагаа улам хөгжин дэвшинэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Санамж бичгийг байгуулснаар сувлихуй, физик эмчилгээ, хөдөлгөөн засал, хэл, сонсгол, хараа зүй, эм зүй зэрэг 9 мэргэжлийн чиглэлээр ирэх таван жилийн хугацаанд жил бүр 10 хүртэл монгол оюутныг Японы анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуульд суралцуулах боломж бүрдэх юм. Монгол оюутнуудын тус сургуульд суралцах сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг Японы тал бүрэн хариуцах гэнэ.

Японы талаас суралцах чиглэлээс хамааран нэг оюутны зардалд 9,720,000 иенээс 18,300,000 иенийг /220,644,000 төгрөгөөс 415,410,000 төгрөг/ зарцуулах ба тэтгэлэгт хөтөлбөрийг таван жил хэрэгжүүлэхээр болжээ. Мөн Монголын тал тэтгэлэгийг бүрэн ашиглаж жил бүр 10 оюутныг илгээнэ гэж тооцвол тэтгэлэгийг хэрэгжүүлэхэд Японы талаас нийтдээ 4,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх ажээ.

Тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудсаар дамжуулан зарлах бөгөөд хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгүүлсний дараа тэдний мэдээлэл болон япон хэлний мэдлэгийг шалган тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах ажээ.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.254.120.226) 2018 оны 11 сарын 01

МУБИС.н захиралын үүрэг гүйцэтгэгчийг солиочээ.Төсвийн мөнгийг өөрийгөө зугаацуулах ,эмчлүүлэхэд дураараа зарж байна ш дээ.Ямарч шалгаруулалт,боловсрол мэдлэг,хамаарахгүйгээр ажилд хүн томилох нь нь хэрээс хэтэрлээ!

0  |  0
Top