Сүрьеэгийн эмчилгээг 6 сараас 2 жилийн хугацаанд тасралтгүй хийлгэх ёстой

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 31

Өнөөдөр Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд учирч буй зардлын судалгааны үр дүнг танилцуулж байна. Монгол улс 1994 оноос эхлэн ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу шууд хяналттай богино хугацааны эмчилгээг хэрэгжүүлж байна. Сүрьеэгийн эмчилгээг 6 сараас 2 жилийн хугацаанд тасралтгүй хийлгэх ёстой байдаг. Монгол улс болон дэлхийн олон улс оронд сүрьеэгийн оношлогоо, эмчилгээ үнэ төлбөргүй хэдий ч нэмэлт зардал, тухайлбал гаж нөлөөний эм, унааны зардлыг үйлчлүүлэгч өөрөө гаргах ёстой байдаг. Эдгээр зардал нь сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд санхүүгийн дарамт учруулдаг. Эдгээр зардлаас болж өвчтөнүүд эмчилгээгээ таслах, ингэснээр бусад хүмүүст халдвараа тараах эрсдэл нэмэгдэх аюултай. ДЭМБ тодорхойлсноор сүрьеэ өвчний улмаас учирч буй санхүүгийн дарамт гэдэг нь нийт зардал өрхийн жилийн орлогын босгоос (энэ судалгаанд босго нь 20%) хэтэрсэн зардлыг хэлнэ. Ерөнхийдөө, сүрьеэтэй өвчтөнүүдийн 1/3 нь “ноцтой” болон “маш ноцтой” санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг ба тэдгээрийн гэр бүлийн 70% нь санхүүгийн дарамтад өртөж байна.

Эмэнд тэсвэртэй сүрьеэтэй (ЭТС) өвчтөнүүдийн дунд ажилгүйдэл 11%-иас 37%, мөн хөдөлмөрийн чадвараа алдах байдал 4%-иас 30% хүртэл нэмэгдсэн байна. Эмэнд мэдрэг сүрьеэтэй хүмүүсийн хувьд ажилгүйдэл 11%-аис 43%, хөдөлмөрийн чадвараа алдах байдал 5-иас 10% хүртэл өссөн байна. Мөн сүрьеэгээр өвчилснөөс болж нийт өвчтөний 39% нь зээл авахад хүрч, 45,5% нь ажилгүй болсон байна.

Судалгааны үр дүнгээс харахад сүрьеэ өвчин нь Монгол улсын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. Эмэнд тэсвэртэй сүрьеэтэй, ядуу амьдралтай, эмнэлэгт хэвтсэн болон шууд хяналттай богино хугацааны эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүд нь сүрьеэгийн улмаас санхүүгийн дарамтад өртөх эрсдэлтэй бүлэг болох нь тодорхойлогдсон байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.42.24) 2018 оны 11 сарын 02

Шоу шоу худлаа сүржигнэж байна Сайдаа солио чээ.мэргэжлийн бишш тэнэг.100 жилээр ухарч сүреьгийн эмнэлэг барих гээд буй сайдыг яанаа

0  |  0
Top