АНУ-ын Вашингтон хотын их сургуулийн дэргэдэх Эрүүл мэндийн үнэлгээний хүрээлэнгийн судалгаагаар дэлхийн 91 улс төрөлтөө хянаж чадахгүй төвшинд хүрснийг судалгаагаар тогтоожээ. Нигер, Бангладеш, Энэтхэг, Нигери, Нигер тэргүүтэй Ази болон Африк тивийн 91 улсад төрөлтийн төвшин огцом нэмэгдэж, нийгмийн том асуудал болсон гэж дүгнэсэн байна. Хэдийгээр төрөлт нэмэгдэх нь сайн ч нас баралт болон зонхилон тусах өвчлөлийн индекс дээрх улсуудад буурахгүй байгаа нь санаа зовоож байгаа асуудлын нэг аж. Ялангуяа Мали, Чад, Афганистан улсад эмэгтэй хүн дунджаар зургаан хүүхэд төрүүлэх ёстой гэж үздэг уламжлалт байр сууриас шалтгаалан төрөлт ихтэй 91 улсад байнга багтдаг байна.
Харин эсрэгээр өндөр хөгжилтэй орнуудад төрөлт буурч байгаа нь өндөр настнуудын тоог нэмэгдүүлж, дундаж орлоготой иргэдийн бүрдүүлсэн мөнгө ихэвчлэн тэтгэвэр, тэтгэмжид зарцуулагдах эрсдэлтэй гэж судалгааны тайланд дурджээ. Билл болон Мелинда Гейтс сантай хамтран таван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн судалгааны дүнд нийтдээ 8000 дата мэдээлэл цуглуулж, 600 шинэ баримт шинээр бүртгэгдсэн байна. Дэлхийн хүн амын дунд амьсгалын замын өвчлөл, уушгины өвчлөл буурахгүй нэмэгдэх хандлагатай байгаа бол зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралт сүүлийн 20 жил дараалан өссөн байна.
“Судалгаагаар төрөлт харьцангуй бага өндөр хөгжилтэй орон ч, төрөлтөө хянаж чадахгүй байгаа хөгжиж буй улс орнууд ч ялгаагүй нийгмийн бодлогоо өөрчлөх ёстой гэсэн дүгнэлтэд хүрч байна. Дээрхээс шалтгаалсан эрүүл мэнд, нийгмийн олон асуудал дэлхий даяар хурцадмал болсон нь харагдсан” гэж Эрүүл мэндийн үнэлгээний хүрээлэнгийн Эрүүл мэндийн үнэлгээний профессор Али Мокдад ярьжээ.
НҮБ-ын судалгаагаар 2050 гэхэд дэлхий нийт 10 тэрбум болно гэсэн судалгааг харвал төрөлт өндөртэй улсад төрөлтийг хянах, төрөлт багатай улс орнуудад төрөлтийг нэмэгдүүлэх замаар өсөлтийг хангана гэж үзэж байгаа аж. Гэхдээ төрөлтийг хянана гэдэг нь хэдэн хүүхэд төрүүлэхийг улсаас тогтооно гэдгээс илүү нийгмийн бодлого, татварын орчны шинэчлэлээс шалтгаална гэдгийг судлаачид сануулж байна.
Б.АЗАА
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )