Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2015 оноос жил бүрийн арваннэгдүгээр сард “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” дэлхийн долоо хоногийг зохион байгуулж эхэлсэн ба Монгол улс дөрөв дэх жилдээ энэхүү долоо хоногийг зохион байгуулж байна. Энэ онд арваннэгдүгээр сарын 12-18-нд дэлхийн антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх долоо хоногийг “Дахин сайн бод. Эмчээс зөвлөгөө ав”, “Антибиотикийг буруу хэрэглэх нь биднийг бүгдийг нь эрсдэлд оруулж байна” сэдвийн дор тэмдэглэж байна.
Халдвар үүсгэгч нян болон бусад бичил биетүүд нянгийн эсрэг эмийн үйлчилгээнд нөлөөлөгдөн өөрчлөгдөхийг нянгийн тэсвэржилт гэж нэрлэдэг. Ингэж өөрчлөлгдсөн бичил биетүүдэд нянгийн эсрэг эм үйлчлэхээ больдог байна. Антибиотикийг хэтрүүлж болон буруу хэрэглэж байгаа нь нянгийн тэсвэржилт үүсэх үйл явцыг улам хурдасгаж, эрсдэлд оруулж байгаа юм.
Нянгийн тэсвэржилт нь зонхилон тохиолддог халдварыг хүртэл эмчлэхэд хэцүү болгож байгаа ба өвчлөлийн хугацааг уртасгаж, улмаар хөгжлийн бэрхшээлтэй болох, үхэлд ч хүргэх аюултай. Иймд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд дараах зүйлд анхаарал хандуулахыг зөвлөж байна.
- Антибиотик хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
- Нянгийн эсрэг эмийг:
- Эмчийн зөвлөснөөс тун, хэмжээ, хугацааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх
- Эмчийн зааснаас өөрөөр буюу буруу хэрэглэхийг зогсоох
- Томуу, томуу төст ханиад зэрэг вирүсийн гаралтай халдварыг антибиотик эмчлэхгүй.
- Хог хаягдлыг зохистой устгаж, цэвэрлэх нь хүрээлэн буй орчныг хамгаалж, халдварт өвчин дэгдэхээс сэргийлснээр антибиотикийн хэрэглээг багасгаж, улмаар нянгийнтэсвэржилтийг бууруулна.
Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд юунд анхаарах вэ?
- Эсрэг эмийг зөвхөн шаардлагатай үед, эмчилгээний удирдамжийн дагуу жор бичиж, зөвхөн жороор олгох
- Эсрэг эмийг хэрхэн зөв хэрэглэх талаар зөвлөх бүрдээ буруу хэрэглэхийн аюул, эрсдлийн тухай үйлчлүүлэгчид мэдээлэл өгч байх
- Дууссан болон хэрэглээгүй үлдсэн нянгийн эсрэг эмийг нэн даруй устгаж байх
- Үйлчлүүлэгчидээ шаардлагатай дархлаажуулалтад хамруулж байх
- Гар, багаж хэрэгсэл, ажлын орчноо ямагт цэвэр байлгах
- Хяналт, сэргийлэлтийг сайжруулах талаар бусадтай хамтран ажилладаг байх
Тэмдэглэлт 7 хоногийн хүрээнд ЭМЯ, бусад байгууллагуудтай хамтран
дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулна.
- “Антибиотик эмийн эмчилгээний талаарх зөвлөмж” эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгуулах (Улсын гуравдугаар төв эмнэлэг)
- Иргэд, малчдад зориулсан мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явуулах (Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эм холбоо)
- “Антибиотикийг зөвхөн эмчийн жороор хэрэглэе” сурталчилгааны материал түгээх (Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эм холбоо)
- Олон нийтийн цахим сүлжээгээр “Антибиотикийг хариуцлагатай хэрэглэх” сурталчилгааг түгээх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна. (Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын 3 дугаар төв эмнэлэг, Эм холбоо)
Б.АМИРДАА
WWW.ZINDAA.mn
Сэтгэгдэл ( 0 )